
Сочи хотноо Оросын төрийн тэргүүн Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар уулзлаа. Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн будлиантай болсон асуудлаар сар гаруйн турш эсэргүүцэл дэгдэж байгаа энэ үед Владимир Путин, Александр Лукашенко нар анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Тиймээс сонгуульд Лукашенкотой өрсөлдсөн Светлана Тихановская Путиныг Беларусийн ард түмэнтэй биш, дарангуйлагчтай яриа хэлэлцээ хийсэн хэмээн харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 4 цаг гаруй үргэлжилсэн байна. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, холбоотны харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудал зэргийг хөндөн ярилцжээ. Хэлэлцээрийн өмнөхөн Оросын талаас Беларусьт 1.5 тэрбум долларын зээл олгохоор болсныг Владимир Путин дуулгасан байна. Мөн Беларусийн төрийн тэргүүний Үндсэн хуулийн өөрчлөлт явуулна гэсэн амлалтыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Беларусийн иргэд улс орныхоо нөхцөл байдалд бие даан шийдвэр гаргах ёстой гээд, хоёр улсын цэргийн салбарын хамтын ажиллагаа үргэлжлэх болно гэж мэдэгджээ.
Александр Лукашенко Владимир Путинд болон оросуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэмжсэнд нь талархал илэрхийлээд, Беларусьт болж байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэж амлажээ. Үүнээс гадна тэрбээр Беларусиийн эсэргүүцэлд гадны хүч оролцсон гэдгийг дахин дуулгасан байна.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалттай холбогдуулан Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенкотой өрсөлдсөн Светлана Тихановская мэдэгдэл хийсэн. Тэрбээр Сочигийн уулзалтаар тохиролцсон бүхэн хууль ёсны биш, Беларусийн ард түмэн Александр Лукашенкод итгэл үзүүлэхээ больсон гэдгийг Оросын төрийн тэргүүн Владимир Путин санах ёстой гэсэн утгатай үг хэлжээ.
Владимир Путин, Александр Лукашенко нар уулзлаа | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.