
Ер бусын болчимгүй санаа, шинжлэх ухааны этгээд хачин амжилтын эздэд олгодог Шнобелийн шагналын энэ жилийн эзэд тодорхой боллоо. Энэ жилийн шагналын эзнээр Оросын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон өөр таван улсын төрийн тэргүүн тодорсон байна.
Жил бүрийн шагналын эзэд АНУ-ын Массачусетс мужид байдаг Харвардын их сургуулиас шагналаа гардан авдаг боловч энэ жил цар тахлын улмаас 30 дахь шагналын эздийг зарлах ёслолын ажиллагаа онлайнаар болжээ.
“Анти Нобель” ч гэж нэрлэдэг энэ шагналын анагаах ухааны салбарын эздээр Бразил, Их Британи, Энэтхэг, Мексик, Беларусь, АНУ, Турк, Орос, Туркмений төрийн тэргүүнүүд тодорсон байна. Тэднийг коронавирусний цар тахлыг ашиглаж, эрдэмтэд, эмч нараас ч илүүтэй хүмүүсийн амьдрал, үхэлд хүчтэй нөлөөлөх чадвартай гэдгээ дэлхий ертөнцөд харуулсан гээд энэ шагналын эзэд болгосон гэнэ. “Ялагчид өнөөдөр бидэнтэй хамт байж чадахгүй нь” гэж ёслолын ажиллагааны хөтлөгч хэлээд Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкод онцгойлон баяр хүргэсэн байна. Учир нь тэрбээр 2013 онд мөн “Засгийн эсрэг жагсаалын оролцогчдыг алга таших”-ыг хориглосноороо “Энх тайвны салбарт” Шнобелийн шагнал хүртэж байжээ.
Ерөнхийдөө Шнобелийн буюу Нобелийн эсрэг шагналыг эхэндээ инээд хүргэм боловч дараа нь олон зүйлийг бодогдуулсан амжилтад олгодог юм. Энэ шагналыг 1991 онд Америкийн нэгэн шог сэтгүүлийн редакциас санаачлан Нобелийн жинхэнэ шагналын өмнө олгодог болжээ. Зохион байгуулагчид энэ жил шагналд нь бичгийн цаасаар наасан шоо, 10 их наяд зимбабве долларын хуулбарыг гардуулах гэж байна.
Шнобелийн шагналыг 1999 оноос эхлэн 10 салбарт олгож ирсний зарим нь Нобелийн шагналын салбаруудтай давхацдаг байна.
Шнобелийн шагналын эздийг зарлах ёслолын ажиллагааг онлайнаар хийлээ | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.