Шууд Chart

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв

2020-09-30 09:50:01

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа илэрхийлэв. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, Биокомбинатыг шинэчлэх төсөл амжилттай урагшилж байгааг сайд нар тэмдэглэв. Хөдөө аж ахуй, түүний дотор хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, усжуулалтын чиглэлээр дараагийн шатанд төслүүд хэрэгжүүлэхээр уулзалтын үеэр мөн тохирсон байна.

Сайд Н.Энхтайван боловсролын салбар нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг болохыг онцлон, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах манай оюутнуудыг хүлээн авсанд талархал илэрхийлэв. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, холбогдох баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах сонирхолтой буйгаа унгарын тал нотлов. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлыг сайд нар хөндөж ярилцлаа. Энэ жил Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.


Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй