Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Жо Байден нарын мэтгэлцээн боллоо

2020-10-01 09:30:37

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, түүнтэй төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа Ардчилсан намын Жо Байден нарын анхны мэтгэлцээн боллоо. Теле халз мэтгэлцээн Кливлендийн “Кэйс Вестерн Резерв” их сургуулийн зааланд зохион байгуулагдсан бөгөөд Америкийн бүхий л томоохон теле компаниуд шууд дамжуулан үзүүлсэн байна.

Тэд коронавирусний дэгдэлтийн улмаас хоорондоо ч гар барилгүй, эрүүл мэндийн даатгалтай холбоотой шуугианаар эхний халз мэтгэлцээнээ эхэлсэн. Өнөөгийн төрийн тэргүүн Трампын хувьд өрсөлдөгчөө 180 сая гаруй хүнийг хувийн даатгалгүй болгох гэж байгаад буруутгасан бол Байден Трампыг эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх алдартай арга хэмжээг зохиудаар цуцлах гэж байна гэж буруутгажээ. Байден өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан эрүүл мэндийн даатгалын системийг өргөжүүлэх бодолтой гэдгээ хэлсэн байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден мэтгэлцээний өмнөхөн 22 жилийнхээ татварын тайланг үзүүлсэн. Ингээд Трампыг хуулийн цоорхойг ашиглаж, дунд сургуулийн багшаас ч бага татвар төлсөн гэж буруутгасан бол Трамп сүүлийн жилүүдэд татвараас зайлсхийгээгүй, хэдэн сая долларыг орлогын татвараар төлсөн гэж  мэдэгджээ.

Өрсөлдөгч хоёр мэтгэлцээний үеэр бие биеэ хатуу ширүүн үгсээр булахаа ч мартаагүй. Нэр дэвшигч Жо Байден Америкийн түүхэнд Дональд Трамп шиг бүгдийг нураасан, ийм муу Ерөнхийлөгч байгаагүй гэсэн бол, Трамп Байденыг Ерөнхийлөгч байсан бол цар тахалтай тэмцэх чадахгүй байсан, үг хэлэхийн аргагүй алиалагч, хүү нь кокаины асуудалтай, эцгийнхээ нөлөөгөөр ажилд орсон гэж хүртэл буруутгажээ.

Эхний халз мэтгэлцээн тус бүр 15 минуттай 6 үеэр үргэлжилсэн. Трампын насанд хүрсэн хүүхдүүд болон тэргүүн хатагтай мэтгэлцээний зааланд сууж байлаа. Халз мэтгэлцээн дууссаны дараа заалнаас Цагаан ордны тэргүүнийг “бүх цаг үеийн хамгийн агуу ерөнхийлөгч” гэх шуугиан хүртэл гарсан юм.

Хоёр дахь халз мэтгэлцээн энэ сарын 15-нд Майамид, гурав дахь халз мэтгэлцээн ирэх сарын 22-нд Нэшвиллд тус тус болно. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Жо Байден нарын мэтгэлцээн боллоо  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй