Шууд Chart

АНУ Минскийн эсрэг Лондон, Оттавагийн хоригт нэгдэхээс татгалзжээ

2020-10-02 09:45:21

АНУ Минскийн эсрэг Лондон, Оттавагийн хоригт нэгдэхээс татгалзсан тухай хэвлэлүүдэд мэдээлж эхэллээ.

Америкийн засаг захиргаа Европын холбооноос Минскийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авна гэж найдаж байна. Тиймээс Их Британи, Канадаас гаргасан Беларусийн эсрэг хоригт нэгдэхээс татгалзсан тухай “Ройтерс”-ын эх сурвалж мэдээлжээ.

Европын холбооны гишүүн 27 улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Киприйн байр сууриас болоод Беларусийн эрх бүхий албан тушаалтнуудыг хоригийн жагсаалтад оруулах асуудлаар санал нэгдэж чадаагүй. Киприйн зүгээс Газар дундын тэнгист үйл ажиллагаа явуулж байгаа Туркт хориг тавибал Беларусийн эсрэг хоригт нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл Вашингтоны засаг захиргаа Европын холбоог энэ долоо хоног гэхэд Беларусийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах асуудлаар дотоод зөрчилдөөнөө зохицуулчихна гэж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн нэгэн эх сурвалж, Америкаас Беларусийн хүний эрхийг зөрчсөн асуудлаарх багц хориг бараг бэлэн болсон, хэзээ зарлах нь тодорхойгүй гэж мэдээлжээ.

Канад, Их Британи Улс өнгөрсөн мягмар гарагт Беларусийн эрх бүхий хүмүүст хориг тавьж байгаагаа зарласан юм. Их Британи л гэхэд Александр Лукашенко, түүний хүү, мөн Беларусийн эрх бүхий 6 албан тушаалтныг Их Британид нэвтрэхийг хориглож, тэдний Британи дахь хөрөнгийг нь царцаасан байна. Харин Канадын зүгээс Александр Лукашенко, түүний хүү Виктороос гадна эрх бүхий 9 албан тушаалтныг хоригийн жагсаалтад багтааж, тэднийг Канадад орж ирэх, энэ улсын иргэдтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийхийг хязгаарлаж, хөрөнгийг нь мөн царцаажээ. Беларусийн Засгийн газар хүний эрхийг байнга зөрчиж, сөрөг хүчнийхэнтэйгээ яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байгааг Канад улс дуугүй хараад суухгүй гэж Канадын ГХЯ-наас мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Минскийн эсрэг Лондон, Оттавагийн хоригт нэгдэхээс татгалзжээ   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй