Шууд Chart

Уулын Карабахт Армен, Азербайжаны дайчдын тулалдаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ

2020-10-02 10:00:19

Уулын Карабахт өчигдөр Армен, Азербайжаны дайчдын хоорондын тулалдаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Ереванаас ч, Бакугаас ч тулалдаанд өөрсдөө амжилттай оролцсон, эсрэг тал нь ялагдал хүлээсэн гэж мэдэгдсэн байна. Тиймээс талууд тулалдааны үеэр хэчнээн цэргээ алдаж, хэдий хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна. Мөн хараат бус эх сурвалжийн мэдээлэл ч алга байна.

Арменийн Засгийн газар 18-55 насны, нөөцөд дайчлагдах бүх эрэгтэйгээ улс орноосоо гаргахыг хязгаарлажээ. Иргэний нисэхийн хорооны мэдээлснээр нөөцөд багтсан эрчүүд цэргийн комиссарын газрынхаа зөвшөөрлийн бичигтэйгээр хил давж болох юм байна.

Тэгвэл Азербайжаны засаг захиргаа олон нийтийн сүлжээ, мессенжерүүдээ хаасан талаар дэлхий дахины интернетийн хэрэглээг хянадаг “Нэтблокс” байгууллагаас мэдээлжээ.

Азербайжанд өдгөө Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, ЛинкедИн, ТикТок, ВатсАпп, Скайп, Зүүм, мөн Ютүб суваг ажиллахгүй байна. Азербайжаны Тээвэр, харилцаа холбоо, өндөр технологийн яамнаас интернетийг хязгаарлахыг өнгөрсөн сарын 27-нд анхааруулж байсан юм.

Армен, Азербайжаны цэргийн мөргөлдөөн Уулын Карабахт энэ сарын 27-ны өглөө эхэлсэн. Талууд бие биенээ өдөөн хатгалгад буруутгаж, харилцах шугамын дагуу довтолгооноо эхэлсэн юм. Зөрчилдөөн хурцадсантай холбогдуулан хоёр улс дайны байдал зарлаж, цэрэг дайчдаа хөдөлгөж эхэлсэн байна.

Их Британи, Канадын Гадаад хэргийн сайд нар Уулын Карабахын зөрчилдөгч талуудыг галаа нэн даруй зогсоож, Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн хүрээнд хэлэлцээрээ дахин сэргээхийг уриалсан. Харин Турк Азербайжаныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Уулын Карабахт Армен, Азербайжаны дайчдын тулалдаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй