
Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшнл” байгууллагаас Францын засаг захиргааг иргэдээ хурал цуглаан хийх эрх чөлөөнд нь увайгүйгээр халдсан гэж буруутгалаа.
Францын төр засаг хуулиа зөрчиж, эсэргүүцэлд оролцогчдыг торгох, саатуулах, эрүүгийн мөрдлөг шалгалт явуулах хүртэл арга хэмжээ авсан гэж “Эмнести Интернэшнл” байгууллага өнгөрсөн мягмар гарагт Парист танилцуулсан баримтад тэмдэглэсэн байна. Тэд энэхүү баримтыг гаргахдаа 2019 оны зургаадугаар сараас 2020 оны наймдугаар сар хүртэл 66 хүнээс санал асуулга авсан байна.
Тус байгууллагаас Францад гурваас тавдугаар сард хөл хорионы үеэр эсэргүүцлийг хориглосон, “шар хантаазтанууд”-ын эсэргүүцлийг хүчээр дарсан, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлахтай тэмцэх жагсаалын үеэр цагдаа нарыг хөдөлгөсөн гэж буруутгажээ. Францын хууль нарийн тодорхойлолтгүйгээс болоод сайн дурынхан, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хүний эрхийг хамгаалагчид мөрдлөг шалгалтад хүртэл өртдөг гэжээ. Тиймээс иргэдээ гэмт хэрэгтнээр зарлахаа зогсоож, тайвнаар жагсаал цуглаан явуулахтай холбоотой бүхий л хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай гэж “Эмнести Интернэшнл”-ийнхэн үзэж байна.
Тус байгууллагынхан өнгөрсөн наймдугаар сард АНУ-ыг арьс өнгө, цагдаагийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдод хүч хэрэглэсэн, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж буруутгасан юм. Тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий болон бусад хэрэгслийг энгийн номхон жагсагчид руу хэрэглэсэн тохиолдол олон гарсан гэдгийг тус байгууллагын төлөөлөгчид тэмдэглэжээ.
Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас Францын засаг захиргааг буруутгалаа | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.