
Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт 2018 оны 10 дугаар сард амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн сүйт бүсгүй Вашингтонд төвтэй ашгийн төлөө бус байгууллагатай хамтран Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудын эсрэг иргэний нэхэмжлэл гаргалаа.
Жамаль Хашоггийн сүйт бүсгүй сэтгүүлчийн амиа алдахаасаа өмнөхөн байгуулсан “Арабын ертөнцийн ардчилал одоо” гэдэг нэртэй байгууллагатай хамтран АНУ-ын холбооны шүүхэд хандсан байна. Иргэний нэхэмжлэлд Саудын угсаа залгамжлагч хунтайжаас гадна вант улсын 28 иргэнийг 7 зүйл заалтаар багтаажээ.
Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргийг шүүх хурлын эцсийн шийдвэр өнгөрөгч есдүгээр сарын 7-нд гарсан. Саудын Арабын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр 5 хүнд тус бүр 20 жилийн ял, нэг яллагчид 10 жилийн хорих ял, мөн хоёр яллагчид тус бүр 7 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд нэн даруй гүйцэтгэнэ гэж тухайн үед Ерөнхий прокурорын газраас мэдээлж байсан юм.
Эр-Риядтай холбоотой шүүмжлэлт нийтлэл бичдэгээрээ алдаршсан Жамаль Хашогги 2017 оноос хойш АНУ-д амьдарч, “Вашингтон пост” сонинтой хамтран ажиллаж байсан юм. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 2-нд Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газраар ороод сураггүй алга болсон.
Харин 10 дугаар сарын 20-нд Саудын засаг захиргаанаас Жамаль Хашоггиг маргааны улмаас дипломат төлөөлөгчийн газрын байранд амиа алдсан болохыг зарласан юм. Дэлхий нийт Эр-Риядыг энэ хэргээр ил тод мөрдлөг шалгалт явуулахыг шаардсан байдаг.
Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргалаа | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.