Шууд Chart

АНУ, БНЭУ цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ байгууллаа

2020-10-28 17:02:59

АНУ, Энэтхэг улсууд цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ байгууллаа. Гэрээг мягмар гарагт Шинэ Дели хотод болсон Америк, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар зурсан байна.

Ингэснээр АНУ-ын талаас БНЭУ-д цэргийн хиймэл дагуулаар авсан гэрэл зураг гэх мэт нарийн нууц мэдээлэл дамжуулах зэргээр хоёр улсын батлан хамгаалах, цэргийн салбарыг ойртуулах ажлуудыг идэвхжүүлэх юм байна.

Вашингтон, Шинэ Дели хоёр үүнээс өмнө, цэргүүдээ харилцан хоол хүнс, түлшээр хангаж, бие биенийхээ баазыг ашиглах боломж олгохоор тохиролцоод байсан юм байна. Харин энэ шинэ гэрээ нь далай тэнгисийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа Хятадын талыг хяналтандаа байлгах гэсэн гэрээ гэж ажиглагчид үзэж байна.

Учир нь энэ сарын эхэнд Америк, Энэтхэг хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Япон, Австрали улсуудын сайд нартай Токио хотод хуралдсан. Ингэхдээ тэд хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс бий болгохын төлөө нэгдэнэ гэдгээ баталсан юм.

Харин мягмар гарагт Америк, Энэтхэгийн хооронд “2 + 2” бүтцээр болсон гурав дахь уулзалт дээр талууд ирэх сард Энэтхэгийн далайд дөрвөн улсын хамтарсан тэнгисийн цэргийн нэгдсэн сургууль хийх Токиогийн тохиролцоог дэмжиж байгаагаа илэлхийлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, БНЭУ цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ байгууллаа  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй