Шууд Chart

Мүн Жэ Ин: БНСУ 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаас ангижирна

2020-10-28 17:26:33

БНСУ 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаас ангижирна гэж мэдэгдэж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гарагт парламентдаа хэлсэн үгэндээ 2050 он гэхэд тус улс нүүрстөрөгчийн ялгаралгүй орон болно гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Дэлхийн хамгийн хатуу түлш хэрэглэгч орнуудын нэг болох Өмнөд Солонгос уур амьсгалын онцгой нөхцөл байдлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран идэвхтэй ажиллаж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болно” гэж ярьсан байна. Ингэхдээ нүүрсэнд тулгуурласан бодлого барихаа больж, ногоон дэд бүтэц, цэвэр эрчим хүч, цахилгаан машинд хөрөнгө оруулах олон тэрбум долларын төлөвлөгөөний хүрээнд сэргээгдэх эрчим хүчээр шинэчилнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Ингэснээр тус улс хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувьд хүргэх зорилго тавьсан голлох эдийн засагтай улсуудын сүүл мушгиж байна. Европын холбоо 2019 онд ийм амлалт өгч байсан бол, Хятадын Засгийн газар 2060 он гэхэд нүүрстөрөгчгүй улс болно гэж есдүгээр сард зарласан юм. Япон улс мөн 2050 он гэхэд ийм болно гэж тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга энэ даваа гарагт парламентдаа мэдэгдээд байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр БНСУ 2017 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаар дэлхийд 7-д бичигдэж байсан байна. Энэ улс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 40 орчим хувийг нүүрсээр хангадаг төдийгүй, долоон ч нүүрсний станц барилгын шатандаа явж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Мүн Жэ Ин: БНСУ 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаас ангижирна   
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй