
Киргизийн парламентын дарга Канат Исаев лхагва гарагийн хуралдааны үеэр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсноо зарлалаа. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 10-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Киргизстан” намаас нь өөрийг нь нэр дэвшүүлэхээр болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгджээ.
Киргизийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Садыр Жапаров сонгуульд оролцохоо зарласнаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь эргээд парламентын даргад шилжихээр болсныг тэрбээр дуулгаад, өөрөө энэ сонгуульд өрсөлдөх учраас бүрэн эрхийг хүлээн авах боломжгүй гэж Канат Исаев тэмдэглэсэн байна.
Канат Исаев нь аравдугаар сарын 4-ний парламентын сонгуулийн дараа гарсан улс төрийн хямралын дараа өнгөрсөн сарын 13-нд парламентын даргаар сонгогдсон юм. Гэвч Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсны дараа хуулийн дагуу төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх ёстой байсан ч татгалзсан байна. Ингээд үймээний үеэр Ерөнхий сайд болсон Садыр Жапаровт Ерөнхийлөгчийн бүрэн эрх шилжжээ.
Киргизэд өнгөрсөн сард сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн үймээний үеэр парламентад орж чадаагүй сөрөг хүчний намыг дэмжигчид хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсгэж, парламентын ордон, Ерөнхийлөгчийн захиргааны байрыг эзлэн авсан юм. Мөргөлдөөний үеэр 1200 гаруй хүн гэмтэж бэртэж, нэг хүн амиа алджээ.
Эцэст нь Сонгуулийн төв хорооноос сонгуулийн үр дүнг цуцалж, дахин сонгууль явуулахаар болсон. Мөн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков сайн дураараа огцорч, тус улсын парламентын дарга, Ерөнхий сайд ч үүрэгт ажлаа өгсөн байна.
Киргизийн парламентын дарга Канат Исаев үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсноо зарлалаа | ||
Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.