
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нар Уулын Карабахад дайнаа зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн дагуу бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг оруулж ирэхээр болж байна. Харин Армени улс энэ сарын 20-ноос өмнө “Азербайжаны Газахын бүсэд орших, Арменийн талын булаан авсан Агдамын бүс, нутаг дэвсгэр”-ийг эргүүлэн өгөх үүрэг хүлээж байна.
Уулын Карабахад Оросын энхийг сахиулагчдыг оруулах тухай Оросын төрийн тэргүүн Владимир Путин ч дуулгаад, Уулын Карабахын зөрчилдөөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00 цаг 00 минутаас хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Пашиняны хувьд ийм шийдвэр гаргасан нь өөрт нь болон ард түмэнд нь ч хүнд байсан, гэхдээ нөхцөл байдлыг сайтар мэдэж байгаа хүмүүс дайны нөхцөл байдлыг нарийн үнэлээд ийм алхам хийхээс өөр аргагүй болсон гэжээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев бас ард түмэндээ хандаж үг хэлсэн. Тэрбээр энэ хэлэлцээр Азербайжан, Арменийн ард түмний аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа, энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд Оросоос гадна Туркийн цэргүүд ч оролцоно гэж мэдэгджээ. Алиев мөн Карабахын дайныг дуусгасан түүхэн үйл явдал боллоо гэж хэлсэн байна.
Хэлэлцээрийн дагуу Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахын хилийн шугам болон Лачины хонгилын дагуу байршина. 1960 зэвсэгт цэрэг, 90 хуягт тээвэр, 380 нэгж автомашин, тусгай техниктэйгээр үйл ажиллагаа явуулна. Таван жилийн турш энэ бүсэд ажиллана.
Харин Армени улс 11 дүгээр сарын 15-наас өмнө Кельбажарын бүсийг, 12 дугаар сарын 1-нээс өмнө Лачины бүсийг Азербайжанд эргүүлэн өгнө. Харин 5 км үргэлжлэх, Уулын Карабахыг Арменитай холбосон Лачины хонгилыг Армени өөртөө үлдээнэ гэжээ. Гэхдээ Шуша хот үүнд хамаарахгүй.
Уулын Карабах болон түүнтэй залгаа бүсүүд рүү дүрвэгчид НҮБ-ын хяналт дор буцна. Армени улс Азербайжаны баруун бүс, Нахичеваны өөртөө засах БНУ хооронд иргэд, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөлөөр хангана.
Уулын Карабахын асуудлаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь тодорхой болсны дараа Ереваны төвд гэрээний нөхцөлд дургүйцсэн олон нийт эсэргүүцэн жагсчээ. Тэд Засгийн газрынхаа ордны өмнө цугларч, ордныг бүсэлж, дайрч орсон байна.
Уулын Карабахад дайнаа зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.