
Перугийн парламент даваа гарагийн орой Ерөнхийлөгч Мартин Вискаррагаа огцруулах асуудлаар санал хураалт явуулж, 130 гишүүний 105 нь дэмжлээ. Төрийн тэргүүнд үл итгэл үзүүлэхэд парламентын 87 гишүүний санал хангалттай байсан. Харин Конгрессын 19 гишүүн эсрэг саналаа өгч, 4 нь саналаа илэрхийлэхээс татгалзсан байна.
Мартин Вискарраг 2011-2014 онд Мокегуа мужийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа авлигын хэрэгт холбогдсон, ёс суртахууны хувьд төрийн тэргүүнээр ажиллах эрхгүй гэж үзжээ. Тухайлбал, түүнийг орон нутгийн эмнэлэг, мөн дэд бүтцийн бас нэг объектын барилгын ажлын гэрээ байгуулахдаа 263 сая перу соль, доллараар илэрхийлбэл 630 мянга гаруй ам.долларын хахууль авсан хэрэгт буруутгасан байна. Энэ асуудлаар бизнес эрхлэгчид мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн гэдэг. Харин Вискарра ийм хэрэг үйлдээгүй гэж мэдэгджээ.
Даваа гарагийн орой Мартин Вискарра өөрийг нь огцруулах санал өгсөн парламентын шийдвэрийг дагана гэдгээ "Фэйсбүүк" хуудсаараа дамжуулан зарласан. Хэдийгээр Конгрессын шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа ч ардчилагч хүний хувьд Засгийн газрын ордныг орхиж, гэртээ харих болно гэсэн байна. Үүнээс гадна тэрбээр конгрессын шийдвэрээр шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ.
Перугийн хуулийн дагуу төрийн тэргүүний бүрэн эрх мэдэл парламентын дарга Мануэль Мерино де Ламад шилжих юм байна. Тэрбээр өнөөдөр тангаргаа өргөнө. Мартин Вискарра нь нэгдүгээр дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 онд экс Ерөнхийлөгч Педро Кучински огцорсны дараа төрийн тэргүүн болсон юм.
Перугийн парламент Ерөнхийлөгч Мартин Вискарраг огцруулах асуудлаар санал хураалт явуулжээ | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.