Шууд Chart

Хамгийн үзүүштэй, уран гоё тоглолт Монголын телевизээр ч гарна

2020-11-18 16:52:02

 

Испанийн "Ла лиг"-ийн ерөнхийлөгч Хавьер Тебас сарын өмнө "Бид тоглолтоо Монголд ч гаргах боломжтой" хэмээн ярьж байсан нь биеллээ оллоо. “SPS” телевиз дэлхийн хөлбөмбөгийн хамгийн үзүүштэй, уран гоё тоглолттой лигийг шууд дамжуулан үзүүлэх болсноо зарласан нь бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонссон таатай мэдээ байв.

Монголд "Ла лиг"-ийг телевизийн сувгаар албан ёсны эрхтэйгээр үзүүлэх болсныг дуулсан энэ үед миний мэдэхийн албан ёсны эрхгүйгээр үзүүлсэн хоёр тохиолдлыг хуваалцахгүй байж чадсангүй.

Эхнийх нь 2005 оны хавар болсон юм. Тухайн үед "25 дугаар суваг" телевизэд ажиллаж байсан спортын сэтгүүлч Э.Амарсайхан манай цагаар дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө “Сантьяго Бернабеу”-д болсон “Реал Мадрид”, “Барселона”-гийн галзуу тоглолтыг хуулан авч, 11-ний даваа гарагт 16:00 цагаас үзүүлсэн түүхтэй. Дунд сургуулийн сурагч миний бие ахтайгаа хамт нойроо хугасалж, тус тулааныг шөнө нь Хятадын “CCTV5” сувгаар шууд дамжуулан үзсэн ч маргааш нь хичээл тараад гэр рүүгээ яарч билээ. Учир нь монгол тайлбартайгаар хөлбөмбөг, тэр тусмаа “Ла лиг” үзэхийг ихэд сонирхож байв. Тухайн тоглолтыг бодохоор Зинедин Зидан эхний гоолыг унаж мөргөж хийсэн ч шон мөргөөд босч ирэхгүй байсан, Рауль Гонсалес хөмсгөө задалсан ч наалт наагаад үргэлжлүүлж тоглосон, Роберто Карлосын цохьсон бөмбөг гоол болохын даваан дээр Карлес Пуйоль цэвэрлэсэн, Дэвид Бекхэмийн сүпер дамжуулалтаар Роналдо мөргөж гоол хийчихээд толгойгоо бариад гүйсэн, Самуэль Это`О гоол хийхдээ сум мэт тэсэрч гүйсэн, Роналдиньо чөлөөт цохилт гүйцэтгэхдээ бөмбөгийг салсан ханын дундуур чадмаг эргүүлсэн зэрэг нь өөрийн эрхгүй санаанд ордог юм.

Монголд “Ла лиг”-ийн албан ёсны эрхгүйгээр үзүүлсэн удаах тохиолдол нь мөн л “Эль-Классико”. “Барселона” 2010 оны арваннэгдүгээр сарын 29 буюу клүбийнхээ 111 ойн баярын өдөр “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ “Реал”-ыг 5:0-ээр буулган авсныг “ТВ-9” телевиз манай цагаар арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө шууд дамжуулж, спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат бид хоёр тайлбарлаж билээ. “Барселона” бүх талаар илүүрхсэн, тэр жилээ “Валенсиа”-гаас ирсэн Давид Вилья хет-трик хийсэн, Жозе Моуриньогийн бэлтгэсэн зүйлс нурж унасан, Криштиану Роналду эсрэг багийн дасгалжуулагч Пеп Гуардиолаг бөмбөг өгөөгүйн төлөө түлхсэн, Хеффрен гэж танихгүй нөхөр шүүгчийн мэдлийн цагт тавь дахь гоолыг хийсний дараа “Барса”-гийн хөгжөөн дэмжигчид гарын таван хуруугаа гозойлгосон, “Реал”-ынхан Лионель Мессигийн эсрэг ширүүхэн тоглосон, Серхио Рамос тоглолтын төгсгөлд шигшээ багийн хамртрагч Карлес Пуйолийг мангасдаж унагасан, улаан хуудас авч талбайгаас гарч явахдаа Шави Эрнандестай шөргөөцөлдсөн зэргийг огт мартдаггүй юм.

Дээрх хоёр тохиолдолд албан ёсны эрхгүй байсан тул дуу, дүрсний хувьд чанарын шаардлага хангаагүй зүйл байсан л байх. Харин одоо “SPS” телевиз албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд дамжуулан үзүүлнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. “Ла лиг”-ийг сонирхдог хөлбөмбөгийн хорхойтнууд стрийм, линк хайх шаардлагагүй боллоо. “Барселона”-гийн хөгжөөн дэмжигдэд “Ла лиг”-ийн олон тоглолтыг онлайнаар шууд хүргэсэн Х.Чулуунбадрахын маань ачаалал нэлээн хөнгөрөх нь ээ.

Монголд албан ёсны эрхтэй дамжуулснаар бид зөвхөн “Эль-Классико”-гоор тогтохгүй олон гоё тоглолт үзэх боллоо. 2020-2021 оны улирлын тоглолт эхэлж, багууд 7-9 тоглолт хийгээд байгаа энэ үед хүснэгтийг Сан-Себастьян хотын “Реал Сосьедад” тэргүүлж байна. Энэ багийг гол хөдөлгөгч хүч нь 23 настай Микель Оярсабаль. Өнгөрсөн жилээс нэр нь тод дуулдсан энэхүү залуугийн тоглолтыг тоймоос харах биш бүтнээр нь үзэх цаг ойртлоо.

“Шар шумбагч онгоц” хочтой “Вильярреал” хүснэгтийн дэд байрт бичигдэж байгаа нь гэнэтийн зүйл биш ээ. Жерар Морено, Пако Алькасер гэсэн хоёр довтлогч нь ээлж дараалан гоол хийж байгаа болохоор аргагүй. Өнгөрсөн улиралд мэргэн буучдын жагсаалтад Лионель Месси, Карим Бенземагийн хойно орсон Морено энэ удаа илүү том зүйл дуулгаж мэдэх юм. 2020 оны нэгдүгээр сард “Дортмунд”-аас ирсэн Алькасер шинэ улирала багтайгаа сайхан зохицож байна. Харин “Реал”-аас зээлээр ирсэн япон шидтэн Такэфүсо Күбо сайн идээшихгүй байгааг дасгалжуулагч Унам Эмери надаар бичүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

Португал залуу Жуан Феликс жинхэнэ утгаараа “Атлетико Мадрид”-ын лидер болсныг “Аваргуудын лиг”-ийн хоёр тоглолт, “Ла лиг”-ийн хэдэн тойм үзсэнийхээ дараа хүлээн зөвшөөрлөө. Диего Симеонегийн баг хэт хамгаалдаг арга барилаасаа татгалзаж, бөмбөг барих, довтлохыг илүүтэй эрмэлзэж байна. “Реал”, “Барселона” улирлын сайнгүй эхлүүлснийг ашиглаад “Атлетико” цом өргөх ч юм бил үү. Юу болохыг бүгдээрээ харах үлдлээ.

 Д.Нанжид
































Хамгийн үзүүштэй, уран гоё тоглолт Монголын телевизээр ч гарна   
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй