
Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Азербайжан улс руу цэргүүдээ илгээх тухай тогтоол гаргасныг парламент нь дэмжлээ. Туркийн төрийн тэргүүний саналыг эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын гишүүдээс гадна Ардын бүгд найрамдах нам, Сайн нам, Үндэсний эв нэгдлийн намынхан дэмжсэн байна.
Азербайжан улсын нутаг дэвсгэрт Туркийн цэргийг оруулах тухай санамж бичгийн төслийг энэ сарын 16-нд парламентад хэлэлцүүлэхээр оруулсан юм. Энэ баримтын дагуу Туркийн дайчид нэг жилийн турш Баку, Ереваныг гал зогсоох дэглэмээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих юм байна. Харин цэрэг дайчдын тоо, эрх, үүргийг Туркийн Ерөнхийлөгчийн захиргаанаас тодорхойлно. Цэргүүд Азербайжанд ажиглалтын цэгүүд байршуулж, дроноор ажиглалт хийнэ гэжээ.
Туркийн засаг захиргаанаас зөрчилдөөнтэй бүсэд цэргүүдээ илгээх нь Туркийн үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байгаа юм.
Баку, Ереваны зөрчилдөөнийг зохицуулах ажиллагаанд Туркийн ажиглагчид оролцоно гэж хамгийн түрүүнд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ам нээсэн. Тэрбээр дайны ажиллагааг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа Орос, Турк улс Уулын Карабахад хамтарсан үйл ажиллагаа явуулна гэж мэдэгджээ. Харин тухайн үед Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдэгдлийг үгүйсгэж, Армен, Азербайжан, Оросын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан энэ хэлэлцээрт Туркийн энхийг сахиулагчдын талаар дурдаагүй гэж байлаа.
Сүүлд нь Реджеп Тайип Эрдоган Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ зөрчилдөөний бүсэд энхийг сахиулагчдаа илгээнэ гэдгээ шууд илэрхийлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан нар ч Уулын Карабахын зөрчилдөөнд Туркийн тал ямар үүрэг гүйцэтгэх талаар мэдээлэл өгөхийг Оросын талаас шаарджээ.
Реджеп Тайип Эрдоган Азербайжан руу цэргүүдээ илгээх тухай тогтоол гаргасныг парламент нь дэмжлээ | ||
Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.