
1960.12.03. Энэ бол Монголын шигшээ баг албан ёсны анхны тоглолтоо хийхээр талбайд гарч ирж буй түүхэн агшин. Шигшээ багийн ахлагч Ц.Бадрах (Монгол Улсын арслан Г.Цоодолын хүү)-ын араас Ц.Чомбуу, Г.Банзрагч, Д.Лхагваа, Ч.Шархүү, Л.Сандагдорж нар алхаж харагдана. 1960 оны энэ өдөр Хойд Вьетнамын Ханой хотод Азийн социалист улсуудын аварга шалгаруулах гурав дахь тэмцээн эхэлж, БНМАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг анхныхаа тэмцээнд оролцсон түүхтэй. Манайхан эхний хоёр тэмцээнд оролцсон харьцангуй өндөр чансаатай гурван багтай өрсөлдөж, арванхоёрдугаар сарын 3-нд Хойд Вьетнамд 1:3, 7-нд Хятадад 1:6, 10-нд Хойд Солонгост 1:10-аар хожигдсоноор дөрөвдүгээр байр эзэлсэн нь чамлах амжилт биш байв.
Д.Лхагваа, Б.Доржпалам, З.Баяраа нар олон улсын тэмцээний анхны гоолоо хийж, хаалгач Ц.Чомбуу тэмцээний билэгдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд чухал байр суурь эзлэх үйл явдал билээ.
Монголын шигшээ баг тэмцээн болох газар эхний тоглолтоосоо 10 хоногийн өмнө очж, цаг агаар, уур амьсгалдаа дасан зохицсон ч Хойд Вьетнам, Хятадын шигшээ багтай орон нутгийн цагаар 20:00 цагаас прожекторын хурц гэрэлд тоглосон нь тоглолтын чанарт шууд нөлөөлснийг олон хүн дурссан байдаг. Шигшээ багийн дасгалжуулагч Н.Лувсандорж Хятад, Хойд Солонгосын шигшээ багийн тоглолтын талбайн шүүгчээр ажилласан нь монгол хүн олон улсын тэмцээн дэнсэлсэн анхны тохиолдол болсон юм.
Азийн социалист улсуудын аварга шалгаруулах гурав дахь тэмцээнд БНМАУ-ын шигшээ багийн ахлагчаар Р.Дамдинсүрэн, дасгалжуулагч, шүүгчээр Н.Лувсандорж, зөвлөх дасгалжуулагчаар Г.В.Венёвцев, тоглогчоор “Алдар”-ын Ц.Чомбуу, Ц.Сагар, Ц.Бадрах, Ч.Шархүү, Л.Сандагдорж, Я.Зориг, Ч.Болд, Ц.Дамбажанцан, М.Пүрэвжал, “Барилгачин”-ы Г.Цэрэндорж, Ж.Агваанпунцаг, Ч.Батсүх, Д.Лхагваа, УИС-ийн Г.Банзрагч, З.Баяраа, “Хөдөлмөр”-ийн Б.Доржпалам, эмчээр Н.Тарваа оролцсон түүхтэй. Энэхүү багаас хожим Ч.Шархүү Монгол Улсын гавьяат багш, Л.Сандагдорж, Б.Доржпалам нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Н.Тарваа Монгол Улсын гавьяат эмч цол хүртсэнийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Монголын шигшээ багийн оролцсон анхны тэмцээний тухай “Монголын хөлбөмбөгийн түүх” номын тэргүүн дэвтэрт дэлгэрэнгүй өгүүлсэн билээ.
Д.Нанжид
Монголын шигшээ баг анхны тоглолтоо хийсэн 60 жилийн ой өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.