
Сарны хөрсний дээж тээсэн “Чанъэ-5” сансрын аппаратын эргэх капсул БНХАУ-ын хойд хэсэгт амжилттай газардлаа гэж Хятадын үндэсний сансрын агентлагаас мэдээллээ. Капсул ӨМӨЗО-ны Дөрвөд хошуунд Бээжингийн цагаар 01 цагт 59 минутад газардсан байна. Ийнхүү Хятад улс сүүлийн 44 жилийн хугацаанд сарны хөрсний дээж эх дэлхийдээ авчрах төсөл амжилттай хэрэгжүүлсэн анхны улс болж байгаа юм.
Одоо сарны хөрсний дээжтэй капсулыг тусгай нислэгээр Бээжинд хүргэнэ. Хятадын эрдэмтэд энэ дээжний бүтэц, физик, геологи, химийн чанарыг нь судлах юм байна. Мөн дээжний зарим хэсгийг нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.
Хятадын дарга Ши Жиньпин “Чанъэ-5” аппаратыг сарны хөрс цуглуулах, дэлхийд хүргэх даалгаврыг амжилттай дуусгасанд баяр хүргээд, Хятадын сансар судлалд асар том амжилт, томоохон алхам боллоо гэдгийг цахилгаан мэдээлэлдээ тэмдэглэжээ.
Даалгаврын үеэр сарны хөрсөнд хоёр метрийн өрөмдлөг хийж, 500 грамм орчим хөрс цуглуулсан байна. Мөн 1.5 килограмм хөрсийг сарны гадаргуу хэсгээс цуглуулан авч, тусгай вакум саванд хадгалжээ.
Хятадын “Чанъэ-5” сансрын автомат аппаратыг “Чанчэн-5” зөөвөрлөгч пуужингаар 11 дүгээр сарын 24-нд "Вэньчан" сансрын буудлаас сар луу хөөргөсөн юм. Харин 12 дугаар сарын 1-нд энэ аппарат сарны үзэгдэх талын баруун хойд хэсэгт буусан байна. Ингээд хоёр хоногийн хугацаанд сарны гадаргуу болон өрөмдсөн хэсгээсээ автоматаар хөрс дээжлэн авах ажиллагаагаа дуусгасан. 12 дугаар сарын 3-нд аппарат сарнаас нисэж, 12 дугаар сарын 6-нд тойрог замын модультай залгагдаж, түүндээ хөрсний дээжтэй саваа шилжүүлэн ачжээ.
Хятад улсын сансрыг эзэмших хөтөлбөр харьцангуй залуу хэдий ч сүүлийн 10 жилийн хугацаанд энэ улсын технологи эрчимтэй хөгжиж байгаагийн ачаар сансрын салбарт томоохон амжилт гаргасаар байна. БНХАУ сансрын хөтөлбөртөө хөрөнгө сайн гаргадгийн нэг жишээг дурдвал өнгөрсөн жил тус улс сарны бидэнд харагдахгүй талд нисгэгчгүй аппарат илгээсэн анхны улс болсон юм.
Сарны хөрсний дээж тээсэн “Чанъэ-5” сансрын аппаратын эргэх капсул амжилттай газардлаа | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.