Шууд Chart

Европын холбооны орнууд Беларусьт 3 дахь багц хориг арга хэмжээгээ авах гэж байна

2020-12-17 16:42:12

Европын холбооны орнууд Беларусьт гурав дахь багц хориг арга хэмжээгээ авах гэж байна. Энэ удаагийн багц арга хэмжээнд 29 хувь хүн, 7 компани багтжээ. Европын холбооны орнуудын элч төлөөлөгчид өчигдөр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг визийн болон хөрөнгийн хоригийг санал нэгтэйгээр дэмжсэн. Энэ удаагийн багц хоригт анх удаа үйлдвэр, компаниуд орсон байна.

Хар жагсаалтад орсон Беларусийн 7 компани, хувь хүний нэрийг өнөөдөр Европын холбооны сайд нарын зөвлөлийн хуралдаанаар баталж, албан ёсны сэтгүүлдээ зарласнаар мөрдөгдөж эхэлнэ. Энэ жагсаалтад орсноор Европын холбоотой бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, Европын холбоонд байгаа хөрөнгийг нь царцаана гэсэн үг.

Беларусь улс наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийнхөө сонгуулиар олон тооны зөрчил гаргасан, мөн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид руу хууль сахиулах байгууллагаас хүч хэрэглэсэн асуудлаас болоод Европын холбоо Беларусийн эсрэг эхний багц хоригийг 10 дугаар сарын 2-нд баталсан. Энэ хоригт Беларусийн хүчний болон Сонгуулийн төв хорооны гишүүд гээд эрх бүхий 40 хүний нэр багтсан юм. Харин хоёр дахь хоригийг 11 дүгээр сарын 6-нд баталж, Ерөнхийлөгч Александр Лукашенко болон эрх бүхий 14 хүнд хориг тавьжээ.

Беларусьт наймдугаар сараас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал үргэлжилж байна. Энэ сонгуульд 1994 оноос хойш төр барьж байгаа Александр Лукашенко ялснаа зарласан. Ингээд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд эсэргүүцэл дэгдээхэд тусгайгийнхан тэдний эсрэг хүч хэрэглэсэн байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас Беларусьт Ерөнхийлөгчийн шинэ сонгуулийг олон улсын стандартаар явуулахыг шаардаж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Европын холбооны орнууд Беларусьт 3 дахь багц хориг арга хэмжээгээ авах гэж байна  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй