
Коронавирусний цар тахлын улмаас энэ онд дэлхийн эдийн засаг хүндхэн байсан хэдий ч дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 20 хувиар нэмэгдэж, 11.4 их наяд ам.доллар болсныг “Форбес” сэтгүүл лхагва гарагт зарлалаа.
Энэ онд тэрбумтнуудын хөрөнгө 1.9 их наяд ам.доллараар нэмэгдсэн байна. Тэр дундаа Хятадын 400 тэрбумтны нийлүүлсэн хөрөнгө 750 тэрбумаар нэмэгдэж, хоёр их наяд болсноор тэргүүлэх байр эзэлжээ. Энэ тоонд Хонгконгийн 67 тэрбумтан ороогүй гэж энэ сэтгүүлд тэмдэглэсэн байна. Хонгконгийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 60 тэрбумаар өсөж, 380 тэрбум америк доллар болжээ.
Хоёрдугаарт, Америкийн 600 тэрбумтны нийт хөрөнгө 560 тэрбумаар өссөнөөр дөрвөн их наяд долларт хүрчээ. Улиран одож буй 2020 он “Тесла”, “Спэйс Икс” компанийн тэргүүн Элон Маскт ивээлээ хайрласан жил байсан. Тэрбээр жилийн хугацаанд 110 тэрбум америк долларын орлого олж, нийт 137 тэрбумын хөрөнгөтэйгөөр “Форбес”-ын тэрбумтнуудын гуравдугаарт бичигдэх болсон.
Харин Францын тэрбумтнуудын жилийн нийт орлого 95 тэрбумаар өсөж, өдгөө 500 тэрбум америк доллартай тэнцэж эхэлсэн байна. 2020 онд “Эл-Ви-Эм-Эйч” группын ерөнхий захирал Бернар Арно 35 тэрбум америк долларын орлого олсноор нийт 148 тэрбум долларын хөрөнгөтэй болсон. Харин “Л’Ореал” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Мейерс энэ жил хөрөнгөө 14 тэрбумаар нэмэгдүүлж, 74 тэрбум америк доллар болгожээ.
Цар тахлын энэ үед шинэ тэрбумтнууд ч гарч ирснийг “Форбес” сэтгүүл онцолсон. Тухайлбал, “ДоорДаш” хүргэлтийн үйлчилгээг үүсгэн байгуулагчид, "Ковид-19"-ийн вакцин зохион бүтээж байгаа биотехнологийн “Модерна” компанийн ерөнхий захирал, энэ компанийн хоёр хөрөнгө оруулагч тэрбумтнуудын жагсаалтад шинээр орж ирсэн байна.
Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 20 хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.