
Их Британи улс Европын холбоотой Брекситийн дараах харилцаа, худалдааныхаа асуудлаар тохиролцоонд хүрлээ. Их Британийн Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “2016 оны бүх нийтийн санал хураалт, мөн бүх нийтийн сонгуулиар британичууддаа амласан бүхэн энэ гэрээнд хэрэгжих гэж байна. Бид мөнгө, хил, хууль, худалдаа, загасчлал, усан хилээ хяналтдаа эргүүлэн авч чадлаа. Бид Европын холбоотой гаалийн тэг татвар, квоттой анхны гэрээ байгуулж чадлаа” гэж тэмдэглэжээ.
Тэгвэл Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Брюссельд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Шударга, тэнцвэртэй гэрээ байгуулж чадсан. Одоо түүхийн энэ хуудсыг эргүүлж, ирээдүйгээ харах цаг болсон” гэж мэдэгджээ. Мөн Их Британи улс Европын холбооны найдвартай түнш хэвээр үлдэх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн. Хэрвээ энэ хэлэлцээрт Европын холбоо хүчний байр сууриас хандаж, гэрээ байгуулалгүйгээр салсан бол Европын холбооны 450 сая иргэнээс илүүтэй Их Британийн 66 сая иргэнд хүчтэй цохилт болох байсан гэжээ.
Харин одоо энэхүү гэрээг Брюссель дэх Европын холбооны орнуудын элч төлөөлөгчид сайшаан дэмжих үлдээд байна. Үүний дараа Европын зөвлөл, Их Британийн парламентаар баталж, шинэ жилийн шөнөөс мөрдөгдөж эхэлнэ.
Их Британийн нийтийн танхим энэ гэрээг 12 дугаар сарын 30-нд соёрхон батлахаар төлөвлөж байна. Лейбористууд энэ гэрээг дэмжиж байгаа гэдгийг сөрөг хүчний удирдагч Кир Стармер мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйн нар сүүлийн хэдэн өдрийн турш утсаар яриа хэлэлцээр эрчимтэй явуулж, тохиролцоонд хүрч чадаагүй олон асуудлаа хөндсөн. Ингээд Европын холбоо, Их Британийн хоорондын худалдаа, тээврийн харилцаа, загасчлал, эрчим хүч, аюулгүй байдал болон бусад салбарын хамтын ажиллагааныхаа асуудлаар тохиролцож чадсан байна.
Хэрвээ энэ тохиролцоонд хүрч чадаагүй бол Европын холбоо, Их Британи улс ирэх сарын 2-нээс эхлэн бараа бүтээгдэхүүний чөлөөт эргэлтээс Дэлхийн худалдааны байгууллагын нөхцөл рүү шилжих эрсдэлтэй болоод байсан юм. Өөрөөр хэлбэл, гаалийн татвар, квот тогтоож, хоёр талын бизнест асар их алдагдал авчрахаар байлаа.
Хоёр тал хэлэлцээр явуулахад гол саад тээг нь Их Британи улс төрөөс олгох тэтгэмж, хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн технологи, экологийн шаардлага зэрэгт Европын холбооны дүрэм журмыг дагах хэрэгтэй болсон. Хоёрдугаарт, загаслалын асуудал багтсан. Өөрөөр хэлбэл, Европын холбооны орнуудын загасчид Их Британийн усан хилд загасчлах боломжийг үлдээхийг зорьж байлаа.
Тэгвэл тохиролцооны дагуу квот, гаалийн татваргүйгээр чөлөөт худалдааны бүс байгуулахаар болсон байна. Мөн ойрын таван жил хагасын хугацаанд загасчлалын журам хэвээр үргэлжилнэ. Үүнээс хойш Европын холбооны загасчдын квотыг үе шаттайгаар бууруулна гэжээ.
Иргэдийн хувьд хоёр талд чөлөөтэй нэвтэрдэг байсан бол гаалийн хяналт шалгалтаар орох болж байна. Гэхдээ 90 хүртэл хоногоор аялахад визгүй байх журам хэвээр үйлчилнэ гэж заажээ.
Их Британи улс ЕХ-той Брекситийн дараах харилцаа, худалдааныхаа асуудлаар тохиролцлоо | ||
Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.