Шууд Chart

Татварыг нь бууруулсан ч алтны үйлдвэрлэл өссөнгүй...

2014-05-05 13:34:25

УИХ-ын эрхэм гишүүд алтнаас өндөр татвар авч, улсын төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх санааг одоогоос хэдэн жилийн өмнө бодож олсон. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд “Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг 2006 онд батлаж байлаа. Энэ даруй Монголбанкинд тушаагдсан алтнаас урьд өмнө байгаагүй өндөр татвар авч эхэлсэн юм. Тодруулбал, Лондоны металлын захын унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн. Гэвч үүний гайгаар манай улсын алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан гэхэд болно. Үүний нэг тод жишээ бол, хууль гарахаас өмнөх дөрвөн жилд манай улс 77 тонн алт үйлдвэрлэсэн бол, хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн алт олборлосон байх жишээтэй.

“Гэнэтийн ашгийн”, “68 хувийн”, “үнийн өсөлтийн” гэж янз бүрээр нэрлэгддэг энэ хууль алт үйлдвэрлэгчдийн амийг таслаад зогсохгүй, далд худалдааг гааруулсан сөрөг талтай. Олборлосон алтаа хууль бусаар хил давуулах, арилжааны банкинд хадгалуулах зэрэг татвараас зугтах есөн шидийн далд хувилбар гарч ирсэн нь нууц биш. “Алтан дорнод монгол” компанийн өмнөх хөрөнгө оруулагч С.В.Паушок хууль хэрэгжих хугацаанд олборлосон 9.5 тонн алтандаа 80 орчим тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой байсан ч, гурав орчим тонныг нь төвбанкинд хадгалуулж татвараас зайлсхийсэн байх жишээтэй. Энэ мэт хууль бус үйлдэл газар авч, аж ахуйн нэгжүүд далд хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор төвбанк болон арилжааны банкуудад тушаагдах алтны хэмжээ эрс буурсан гашуун түүх бий.

Алт бол хатуу валютад тооцогддог. Тэр ч утгаараа, алт тушаалт буурмагц валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан нь дамжиггүй. Гэтэл гай газар доороос гэгчээр 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойрсонгүй. Хямралын үед эрэлт буурч, “Эрдэнэт”-ийн зэс үнэгүйдэж орхилоо. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин унамагц, манай руу орж ирэх долларын урсгал хумигдаж, эмзэг эдийн засагтай манай улсад том цохилт өгсөн. Тухайн үед манай улс 500-хан сая ам.долларын валютын нөөцтэй үлдэж, үүгээрээ урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарч байсан гашуун сургамж бий. Тиймээс ч, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс алтны магнатуудыг айлгаж байсан хуулийг 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хүчингүй болгосон юм. Харин үүний оронд  “АШИГТ МАЛТМАЛЫН” болон “ӨСӨН НЭМЭГДЭХ” нөөц ашигласны төлбөр төрөх нь тэр.

Энэ үеэс алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт таван хувийн татвар төлж эхэлсэн бол, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ дэлхийн зах зээл дээрх унци алтны үнээс хамаарч байлаа. Тухайлбал, нэг унци алт 900-1000 ам.долларын ханштай байвал нэг хувь, 1000-1100 ам.долларын ханштай байвал хоёр хувь, 1100-1200 ам.долларын ханштай байвал гурван хувь, 1200-1300 ам.долларын ханштай байвал дөрвөн хувь, 1300 ам.доллараас дээш ханштай байвал таван хувийн татвар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт төлөх тогтолцоонд шилжсэн юм. Алтны үнэ хямд үед үйлдвэрлэгчдийн төлөх татварыг хөнгөлж, үнэ нь өссөн үед татвараа нэмэгдүүлэх зорилгоор ийм шатлалыг “Ашигт малтмалын тухай хууль”-д оруулж өгсөн хэрэг. Гэвч энэ өөрчлөлтийг хуульд оруулснаас хойш дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 1300 ам.доллараас уруудсан удаа дэндүү цөөн.

Тэр ч утгаараа, алт үйлдвэрлэгчид гол төлөв таван хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлж ирсэн гэхэд болно. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж тооцвол, алт олборлогчид 2011 оноос хойш 10 хувийн татвар төлж ирсэн байх юм. Өмнөх татвартай харьцуулахад энэ тийм ч өндөр тоо биш гэлтэй. Гэвч энэ нь алт олборлолт, тушаалт, экспорт санасан хэмжээнд хүрэхэд нөлөөлсөнгүй. Дотоодын захад долларын ханш түүхэндээ анх удаа 1800 төгрөг болж өссөн энэ үед алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөх нь хамгаас чухалд тооцогдож байна. Тиймээс ч, бодлого боловсруулагчид алтны татварыг бууруулах замаар энэ металлын үйлдвэрлэлийг сэргээж, тэр хэрээр алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөхөөр төлөвлөсөн. Тиймдээ ч өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан.

Ингэхдээ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгосон бол, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэж орхилоо. Гэхдээ 2014 оны төсвийг батласны дараа холбогдох хуульд ийм өөрчлөлт оруулсан нь татварын орлого тасалдахад нөлөөллөө... Манай улс энэ жил 31 тонн алт олборлож, үүнээс 485 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт, 278 тэрбум төгрөг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт авахаар 2014 оны төсөвт тусгасан. Үүгээр тооцвол, оны эхний улиралд дээрх хоёр төлбөрөөс 162 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрөх ёстой байсан ч, төлөвлөгөө 120 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Үүний тал хувь нь алтны татварыг бууруулснаас үүдсэн тасалдал гэдгийг Сангийн яамныхан онцлож байгаа юм.

Ийм эрсдэл гарах нь эртнээс тодорхой байсан ч, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тэр хэрээр тушаалтыг өсгөж валюттай болно гэсэн тооцооллоор нэгдүгээр сарын 24-нд холбогдох татварыг бууруулсан юм. Уг нь энэ даруй төвбанк их хэмжээний алт худалдаж авах нь авсан. Нэгдүгээр сард 225 киллограмм алт худалдаж авсан төвбанк хоёрдугаар сард 1.1 тонн алт худалдаж авсан нь үүний нэг нотолгоо. Гэхдээ гуравдугаар сард алт тушаалт 295 киллограмм болж, эргэн буурлаа. Алт тушаалт хоёрдугаар сард огцом нэмэгдсэн ч, гуравдугаар сараас яагаад гэнэт буурав. Үүний хариултыг олохоор статистик мэдээллийг харьцуулахад, алтны үйлдвэрлэл хагас тонноор буурсан байхад, алт тушаалт хагас тонноор нэмэгдсэн хачирхалтай тоо угтлаа.

Манай улс өнгөрсөн оны эхний улиралд 1.5 тонн алт үйлдвэрлэж байсан бол, энэ оны эхний улиралд 1.1 тонныг олборложээ. Алт тушаалтын хувьд төвбанк өнгөрсөн оны эхний улиралд нэг тонныг худалдаж авсан бол, энэ оны эхний улиралд 1.6 тонн худалдаж авсан байх юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс алтны татвар буурсантай холбоотойгоор хоёрдугаар сард аж ахуйн нэгжүүд хав дарсан алтаа гаргаж худалдсан нь, алт тушаалт нэгдүгээр улиралд 1.6 тонн хүрэхэд нөлөөлсөн. Гэхдээ үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгаатай холбоотойгоор алт тушаалт гуравдугаар сараас эргэн буурсан гэж тайлбарлаж байгаа юм. Үүнийг ч уул уурхайн дэд сайн О.Эрдэнэбулган хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрбээр цаашид алт олборлолт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Өнөөдөр улсын хэмжээнд 75 компани алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь олборлолтоо эхлүүлсэн бол, зарим нь техник тоног төхөөрөмжөө бэлтгэж, хэсэг нь уурхай ашиглах техник эдийн засгийн үндэслэлээ шинээр батлуулжээ. Алт үйлдвэрлэгчдийн ажил жигдэрвэл энэ металлын олборлолт нэмэгдэнэ гэж салбарын яам нь үзэж байгаа юм. Мөн алт үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан алт үйлдвэрлэгчдэд олгохоор төлөвлөжээ.

Үүнд хамрагдахаар одоогоор “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт гаргаад байна. Хүсвэл дээрх 75 компани ч энэ зээлд хамрагдах бололцоотой гэсэн. Гэхдээ уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй компаниуд 200 тэрбум төгрөгийн зээлд хамрагдах боломжтой юм. Хөтөлбөрт хамрагдсан компаниуд алтаа төвбанкинд тушааж, авсан зээлээ хугацаандаа төлвөл, тэдэнд дунд болон урт хугацааны санхүүжилт дахин олгохоор төлөвлөж буй гэнэ. Ийнхүү манай улс үйлдвэрлэл, тушаалт, экспортыг нэмэгдүүлэх үүднээс алтны татварыг 2019 он хүртэл 2.5 хувь болгож бууруулаад байна. Нөгөө талаас алт үйлдвэрлэгчдэд богино, дунд, урт хугацаанд санхүүжилт олгохоор шийдвэрлээд байна. Ингэснээр алтны үйлдвэрлэлийг жилд 24 тонноор нэмж, таван жилийн дотор 150 тоннд хүрэх тооцоо гаргаад байгаа ч, хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Нийтэлсэн: А.Энхтуул

Татварыг нь бууруулсан ч алтны үйлдвэрлэл өссөнгүй...  
Үзсэн: 3782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-05-08 07:46
татвараа бууруулхын оронд хяналтаа сайжруулах хэрэгтэй шүүдээ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-05 15:54
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй