Шууд Chart

АНУ-ын эрдэмтдийн зөвлөл "Johnson & Johnson"-ий вакциныг үр дүнтэй гэж дүгнэжээ

2021-02-28 11:13:37

АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн вакцины асуудал эрхэлсэн эрдэмтдийн зөвлөл "Жонсон энд Жонсон" компанийн коронавирусний вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгохыг зөвлөжээ. Эрдэмтдийн зөвлөмжийн дагуу тус улсын Эмийн агентлаг нэг тунгаар хийх зориулалттай "Жонсон энд Жонсон"-ы вакцинд энэ амралтын өдрүүдэд зөвшөөрөл олгох төлөвтэй байна.

Эрдэмтдийн зөвлөл уг вакциныг 18-аас дээш насныханд хийх нь илүү үр дүнтэй гэж зөвлөжээ. Америк, Өмнөд Африк, Латин Америкийн 44 мянга гаруй сайн дурынханд хийсэн эмнэлзүйн туршилтаар тус вакцины коронавирусээс хамгаалах үр дүнд 66 хувьтай гарсан байна. Энэхүү вакцин нь нэг тунгаар хийх зориулалттай, энгийн хөргүүрт цельсийн 2-оос 8 хэмд гурван сар хадгалах хугацаатай гэдгээрээ бусад вакцинуудаас онцлог давуу талтай юм байна.

Хэрвээ АНУ-ын Хүнс, эмийн агентлаг "Жонсон энд Жонсон"-ы вакциныг зөвшөөрвөл энэ нь Америкт дархлаажуулалтад хэрэглэх гурав дахь вакцин болох юм. Тус улс одоогоор хоёр тунгаар хийх зориулалттай Пфайзер, Модерна гэсэн хоёр компанийн коронавирусний вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байна. "Жонсон энд Жонсон" компани хэрвээ Америкийн эмийн агентлаг вакциныг нь зөвшөөрвөл Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу ирэх зургаадугаар сарын сүүлч гэхэд 100 сая тун вакцин нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын эрдэмтдийн зөвлөл "Johnson & Johnson"-ий вакциныг үр дүнтэй гэж дүгнэжээ   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй