Шууд Chart

АНУ Саудын Арабын хунтайж сэтгүүлчийг хөнөөх захиалга өгснийг нотлох тагнуулын тайланг ил болголоо

2021-02-28 11:31:49

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггиг хөнөөх төлөвлөгөөг тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман баталсан тухай тайланг АНУ-ын Тагнуулын төв байгууллага анх удаа олон улсад ил болголоо. Үүнээс өмнө сэтгүүлч Жамаль Хашоггиг Саудын эрх баригчид захиалж хөнөөлгөсөн байж магадгүй гэж олон улс сэжиглэж байсан юм. Харин Саудын Арабын Засгийн газар уг тайланг үнэнд нийцэхгүй, худал гэж няцаасан байна.

Жо Байдены засаг захиргааны зөвшөөрлөөр Америкийн тагнуулын төв байгууллага ил болгосон тайланд Саудын угсаа залгамжлагч ханхүү улс орныхоо тагнуул, хүчний байгууллагыг хянадаг, түүний зөвшөөрөлгүйгээр Саудын тусгай хүчин ямар ч ажиллагаа явуулдаггүй учраас хунтайж сэтгүүлч Жамаль Хашоггиг баривчилж, устгах тухай Истанбулын төлөвлөгөөг баталсан гэж дүгнэсэн байна.

Тус байгууллага 2018 онд ийм дүгнэлт гаргасан ч тухайн үед Дональд Трампын засаг захиргаа нийтэд зарлахаас зайлсхийж байжээ. Учир нь Саудын Араб нь дэлхийн газрын тосны хамгийн гол экспортлогч бөгөөд АНУ-ын Ойрх Дорнод дахь гол холбоотон улс юм. Харин хүний эрхийн асуудалд илүү хатуу, хянамгай ханддаг ерөнхийлөгч Жо Байден уг тайланг нийтэд зарлахыг зөвшөөрсөн байна. Энэ тайлан сэтгүүлчийг зүй бусаар хөнөөсний хариуцлагыг Саудаар хүлээлгэх шахалт Жо Байдены засаг захиргаа руу чиглэхэд түлхэц өгөх болов уу гэж ажиглагчид үзэж байна.

Тагнуулын төв газар тайланг ил болгосны дараа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга уг хэрэгт шууд оролцсон гэж үзээд Саудын хунтайжийн ойрын туслахууд болон тагнуулын байгууллагын өндөр албан тушаалтан зэрэг 76 хүнд хориг арга хэмжээ зарлалаа. Гэхдээ Америкийн уг хоригт хунтайжийг оруулаагүй байна.

Тагнуулын төв газрын тайланг нийтэд зарлахын өмнөх өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын хаан Салмантай утсаар ярьж, Америк хүний эрх, шударга ёсны талбарт чухал үүрэгтэйг онцолсон байна. Мөн Жо Байдены засаг захиргаа хүний эрхтэй холбогдуулан Саудтай байгуулсан зэвсгийн худалдааны гэрээг цуцлах асуудлыг эргэн харахаар болсныг "Ройтерс" мэдээлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бид Хашоггиг хөнөөсөн хэрэгт оролцсон болон хилийн чанадад дүрвэсэн хүмүүсийн амь насанд заналхийлсэн байж болзошгүй Саудын Арабын 76 хувь хүнд визийн хориг тавих "Хашоггигийн хориг" нэртэй арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Бидний энэ шинэ бодлогын хүрээнд цаашид Төрийн департамент улс орныхоо эсрэг дуу хоолойгоо илэрхийлэгчид болон сэтгүүлчдийн амь насанд заналхийлэхэд оролцсон ямар ч хувь хүнд визийн хориг тавих эрхтэй болж байгаа юм” гэсэн байна.  

АНУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч “Саудын Араб бүс нутаг дахь манай стратегийн түнш хэвээр байгаа. Бид түнш, найз нөхдийн хувиар хууль дээдлэх, иргэний болон хүний эрхийн талаар санаа зовниж байгаагаа илэн далангүй илэрхийлж байх ёстой. Харин цэрэг батлан хамгаалах талаасаа бид өмнө нь олон удаа хэлж байсанчлан Саудын Арабыг хамгаалах аюулгүй байдлын амлалтаа нухацтай авч үздэг. Харилцаагаа урагшлуулахын тулд илэн далангүй ярилцаж байх нь чухал” гэсэн байна. 

Харин Саудын Арабын Гадаад харилцааны яам Америкийн тагнуулын байгууллагын тайланг няцааж, уг хэрэгт оролцсон хувь хүмүүст хуулийн хариуцлага аль хэдийнэ тооцсон гэдгээ мэдэгджээ. Олон улсын хэмжээнд ялангуяа хүний эрхийн байгууллагууд Саудын хунтайжийг Жамаль Хашоггигийн үхэлд буруутгасаар байгаа. Хунтайж Салман сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн хариуцлагыг бүрэн үүрч, гэм буруутнуудад хуулийн хариуцлага тооцож байгаагаа 2019 онд мэдэгдсэн ч түүнийг хөнөөх даалгавар өгсөн гэх мэдээллийг няцааж байсан юм.

Мухаммед Бин Салман нь 2017 онд Хаант улсын угсаа залгамжлагчаар тодорсноос хойш Саудын дефакто удирдагч болсон юм. Сэтгүүлч Жамаль Хашоггиг 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт бичиг баримт хөөцөлдөх гэж ирэхэд нь Саудын тусгай ажилтнууд хөнөөж, цогцсыг нь хэсэгчлэн хувааж хүчилд уусгасан гэж олон улсын гол хэвлэлүүд хяналтын камерын бичлэг зэрэгт үндэслэн мэдээлж байсан.

Тэрээр Саудын Арабын Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж, хааны гэр бүлтэй ойр байсан ч эрх баригчдынхаа дэмжлэгийг алдсанаар 2017 онд улс орноосоо дүрвэн гарч улмаар АНУ-ын "Вашингтон пост" сонинд Саудын эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн цуврал нийтлэл гаргаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Саудын Арабын хунтайж сэтгүүлчийг хөнөөх захиалга өгснийг нотлох тагнуулын тайланг ил болголоо   
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй