Шууд Chart

Ж.Гүррагчаа: Би 40 жилийн өмнөх шигээ сандарч байна

2021-03-22 19:27:13

Өнөөдөр хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг уншиж, Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг гардууллаа. Мөн үүнээс өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Ж.Гүррагчааг Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одонгоор шагнасан.

ЗХУ, БНМАУ-ын баатар, Чингис хаан одонт, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа “Би өнөөдөр одоогоос 40 жилийн өмнөх шигээ сандарч байна. Ийм өндөр шагналуудыг зэрэг зэрэг авна гэдэг миний хувьд бол асар их хүндэтгэл. Монгол Улсын төрөөс, Монголын ард түмний зүгээс, ОХУ-ын төр засгийн зүгээс, Оросын ард түмний зүгээс үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээж авч байна. Энэ хоёр шагнал зэрэгцсэн нь өнөөдөр бидний тэмдэглэж байгаа энэ үйл явдал бидний хамтын баяр гэдгийг хэлж байгаа юм. Миний сансарт хийсэн хөдөлмөрийш өндрөөр үнэлсэн Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарт гүн талархлаа илэрхийлж байна. Энэ зөвхөн намайг шагнасан шагнал биш. Энэ үйлсийг бүтээхэд оролцсон бүх хүмүүс, бүх байгууллага, тэртусмаа миний дотны нөхөр Ганзоригийн маань хийсэн их хөдөлмөрийг үнэлсэн ийм шагнал гэж хүлээж авч байна” гэлээ.

Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хамтарсан нислэгийн хөлгийн ахлагч Жанибеков цахимаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэг нь манай улсын сансар судлал, сансрын технологийн хөгжлийн эх үндсийг тавьсан. Харин энэ үйл хэргийг өнөөдөр Монголын залуу эрдэмтэд үргэлжлүүлж байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжинэ гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцоллоо.

Тэрбээр “Сансрын хамтарсан нислэгийг зохион байгуулахад манай хоёр улсын төр засгийн удирдлага эрдэмтэн мэргэд, зохион бүтээгчид хамтран ажиллаж, нислэгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал нь манай хоёр орны ахан дүүсийн найрамдалт, найрсаг хамтын ажиллагааны тод томруун жишээ болж, дипломат харилцааны 100 жилийн түүхэнд мөнхрөн үлдсэн үйл явдал болсон” гэв.

Нийтэлсэн: Г.Батзаяа

Ж.Гүррагчаа: Би 40 жилийн өмнөх шигээ сандарч байна   
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй