Шууд Chart

Чөтгөртэй нүүр тулах нь

2021-04-09 10:22:11

Хоёрхон жилийн өмнө Испанийн хоёрдугаар дивизионд тоглож байсан даруухан клүб “Европын лиг”-ийн хагас шигшээд шалгарахын төлөө Английн агуу “Манчестер Юнайтед”-тай хүч үзнэ.

Энэхүү “Гранада” клүб өдгөө 90 жилийн түүхтэй ч Европын тэмцээнд анх удаа оролцож байгаа болоод ч тэр үү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг маш их татаж буй. Marca “Улаан бөгөөд халуухан шоу” хэмээх гарчигийн дор “Тус клүб болон тэдний дэмжигчид шиг тоглолтыг мэдрэхийг 90 жилийн турш хүлээсэн” хэмээн бичсэн нь хэтрүүлэг биш.

Ideal тоглолтын өмнөх мэдээллээ “Чөтгөртэй нүүр тулах нь” хэмээн гарчигласан бол орон нутгийн хэвлэлүүд “Мөрөөдөх театр”, “90 жилийн түүхэн дэх хамгийн том сорилт” хэмээн тодорхойлов.

“Гранада”-г олон хүн сайн мэдэхгүй ч “Европын лиг”-ийн хасагдах шатанд Италийн “Наполи”, Норвегийн “Молде” гэсэн амаргүй өрсөлдөгчийг буулган авсан гэхээр муугүй гэдэг нь мэдрэгдэнэ. Энэ багт хашир туршлагатай Роберто Сольдадогоос эхлээд “Челси”-гийн Кенеди, “Манчестер Сити”-гийн Янхель Эррера, “Уотфорд”-ын Домингуш Кина гэсэн авьяаслаг залуус зээлээр тоглож байна. Испани, Английн клүбүүдийн сонирхолтой тоглолтыг өнөө шөнө 02:50 цагаас “SPS National” сувгаар шууд үзээрэй.

Миний бие “Европын лиг”-ийн шөвгийн 32 шатанд учирсан “Реал Сосьедад”, “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг тайлбарлахдаа яагаад ч юм бэ их гоё мэдрэмж авсан. Тиймээс “Ла лиг”-ийн өөр нэг төлөөлөл “Гранада”-г Английн том багтай таараасай хэмээн хүсч байв. Тэд ч “Улаан чөтгөрүүд”-ын аманд очсоноор сар гаруйн өмнөх, өнөөх гоё мэдрэмжийг дахин авах боломж бүрэлдлээ.

Д.Нанжид


Чөтгөртэй нүүр тулах нь  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй