Шууд Chart

УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол, санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ

2021-04-10 14:23:44

Өнөөдрөөс улсын хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хориог тогтоох Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр 06.30 цагт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан замын хөдөлгөөн зохицуулалт болон нийтийн хэв журмыг сахиулж байгаа албан хаагчидтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг авч, зохион байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллав.

Үргэлжлүүлэн УОК-ын Шуурхай штабт очиж ажиллаж, аймаг орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд хэрхэн шилжсэн талаарх болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ. Өглөөний 07 цагийн байдлаар нийт 62 иргэнийг тусгаарлалтаас гарах мэдээллийг холбогдох албаныханд хүргүүлсэн. Гэрийн тусгаарлалт, ажиглалт, тандалт судалгааны цаг үеийн мэдээлэл болон ажлын явцын мэдээллийг Шадар сайдад УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцууллаа.

Гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд энэ сарын 13-нд Токио, 14, 21, 23-нд Сөүл, 26-нд Франкпурт хотоос иргэдээ татан авахаар ажиллаж байгааг мэдээлэв.

Хөл хориог тогтоосон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч, компанит ажил болгон эрчимжүүлэхийг холбогдох албаныханд Шадар сайд даалгав.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба


УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол, санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ  
Үзсэн: 2759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй