Шууд Chart

Ираны цөмийн гэрээг “аврах” зорилготой хэлэлцээ ирэх 7 хоногт үргэлжилнэ

2021-04-11 14:36:49

Ираны цөмийн гэрээний оролцогч талууд ирэх 7 хоногт дахин Вена хотноо уулзахаар болжээ. Гэрээний бусад талууд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дөрвөн орон, нэмэх нь Герман Ирантай байгуулсан цөмийн гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Иран Америкийн хооронд зуучлахаар чармайж байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд уг гэрээнээс Америкийг гаргаж, Иранд эдийн засгийн хоригоо сэргээн тогтоосноос хойш Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон юм. Харин Байдены засаг захиргаа уг гэрээнд эргэн нэгдэх сонирхолтой байна. Гэхдээ Иран, Америкийн байр суурийг ойртуулахад ихээхэн төвөгтэй байгаа. Учир нь Америк Ираныг гэрээгээ дагаж мөрдсөн нөхцөлд буюу уран баяжуулах, пуужин хөгжүүлэх үйл явцаа зогсоосон нөхцөлд гэрээнд эргэж орно гэсэн байр суурьтай, Иран нь Америкийг хоригоо эхэлж цуцалсан нөхцөлд Америктай яриа хэлэлцээ хийх боломжтой гэсэн байр суурьтай байгаа юм.

Иймд одоо хэлэлцээ хийж байгаа талууд Америкийн хоригийг цуцлуулах, Ираны цөмийн зэвсгийн үйл ажиллагааг хязгаарлах гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна. Энэ 7 хоногт Вашингтон Тегераны төлөөлөгчид Европын холбоо болон бусад зуучлагч орнуудтай тус тусын уулзалтыг Вена хотод хийсэн. Венад болсон уулзалтуудаар талууд үр дүнтэй санал солилцож, цаашид асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр тохирсон нь Ираны гэрээг аварч үлдэхэд ахиц гаргалаа гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны цөмийн гэрээг “аврах” зорилготой хэлэлцээ ирэх 7 хоногт үргэлжилнэ   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй