Шууд Chart

Дэлхийн улс орнууд Эдинбургийн гүн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсээр байна

2021-04-11 15:48:52

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хатан хаан II Элизабетын нөхөр, Хунтайж, Эдинбургийн Гүн Филип энэ сарын 9-ний өдөр 99 насандаа таалал төгсжээ. Түүнийг таалал төгссөнийг Букингемийн ордноос албан ёсоор мэдэгдсэний дараа дэлхийн олон орны төр засгийн тэргүүн нар, улс төр, урлаг соёлын нэр хүндтэй эрхмүүд Британийн хааны гэр бүл, ард түмэнд эмгэнэл илэрхийлсээр байна.

Хатан хаантай 73 жил ханилсан Хунтайж Филип нь хааны гэр бүлийн гишүүний хувиар гүйцэтгэх үүргээсээ 2017 онд буюу 96 насандаа татгалзаж байсан юм.

Тэрээр энэ оны эхээр эмнэлэгт нэг сар хэвтэж, зүрхний мэс засалд орж, гуравдугаар сарын эхээр Виндсорын шилтгээндээ ирсэн юм байна. Тэрээр 1952 оноос хойш 2017 оны хооронд 22 мянга гаруй үйл ажиллагаанд ганцаарчлан оролцож, дэлхийн 143 улсад хатан хааны хамт болон ганцаарчлан айлчилж, 70 гаруй улсад нийт 5496 удаа үг хэлж, 14 ном бичиж, 785 байгууллагыг ивээн тэтгэж, 637 удаа ганцаарчлан хилийн чанадад аялж байсан тухай Букингэмийн ордны мэдээнд онцолжээ.

Хунтайж Филип нь Европын хаадын удмын өмнөх болон одоогийн олон гишүүнтэй цусан төрлийн холбоотой учраас Европын хаант засагтай улс орнууд эмгэнэл илэрхийлж, түүний гавьяа зүтгэл үеийн үед дурсагдах болно гэдгийг онцолж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден эмгэнэлийн цахилгаан утсандаа Эдинбургийн гүн Филип дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэжээ. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн Эдинбургийн гүнгийн нэрэмжит шагнал олон сая залуусын амьдралыг өөрчилсөн гэдгийг эмгэнэлийн үгэндээ тэмдэглэжээ.

Түүнчлэн Канадын ерөнхий сайд Эдинбургийн гүн Канад улсын төдийгүй дэлхий дахины нийгмийн аж байдалд ихээхэн хувь нэмэр оруулсныг, Пакистаны ерөнхий сайд Хунтайжийн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн хувь нэмрийг, Энэтхэгийн ерөнхий сайд Хунтайжийн нийгмийн хөгжлийн төлөөх хүчин чармайлтыг тус тус онцлон эмгэнэл илэрхийлжээ.

Японы ерөнхий сайд, Австралийн ерөнхий сайд зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс Британийн хааны гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гүнгийн гэгээн дурсгалыг хүндэлж байна. Үүний зэрэгцээ Букингэмийн ордны гадна олон мянган хүн Эдинбургийн гүнгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцгийн баглаа өргөж байна.

Харин Букингэмийн ордон ард иргэдээ Гүнгийн дурсгал хүндэтгэн заавал цэцэг илгээхгүйгээр буяны байгууллагуудад хандив өргөхийг уриалжээ. Британи улс даяар төрийн далбааг хагас бөхийлгөн, Лондон, Эдинбург зэрэг хотуудад гүнгийн гэгээн дурсгал хүндэтгэх ёслолын буудлага хийх аж. Гүнгийн өөрийнх нь хүссэнээр оршуулах ёслолыг төрийн хэмжээнд хийхгүй  бөгөөд цар тахалтай холбогдуулан олон нийтийг оршуулах ёслолд оролцуулахгүй юм.


Дэлхийн улс орнууд Эдинбургийн гүн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсээр байна   
Үзсэн: 2095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй