Шууд Chart

Шар өвсний түймрийн дуудлага нэмэгдэж байна

2021-04-14 19:49:09

Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллалаа. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага 14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэй галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Нэмэлтээр хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтын чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна. Хаврын хуурайшилтын үед энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шар өвсний гал түймэр, цаашлаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Иймд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Шар өвсний түймрийн дуудлага нэмэгдэж байна  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй