Шууд Chart

ОХУ Чехийн дипломатуудыг албадан гаргахаар шийдвэрлэлээ

2021-04-20 11:14:08

ОХУ Чехийн хооронд дипломат маргаан дэгдээд байна. Прага ОХУ-ын 18 дипломатийг тааламжит бус этгээд гэж зарлаж нутаг орноосоо албадан гаргахаар шийдвэрлэсэн. Үүний хариуд ОХУ Москва дахь Чехийн Элчин сайдын яамны 20 ажилтныг тааламжит бус этгээд хэмээн зарлаж Оросын нутаг дэвсгэрээс гарахыг шаардаад байна.

Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна. Энд Чехийн эрх баригчдын нөхөрсөг бус алхмыг эрс эсэргүүцэн ийм хариу арга хэмжээ авч байгаагаа тайлбарласан байна.

Мөн Чехийн талд Москва дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог Прага дахь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудын тоотой тэнцүүлж цөөрүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш өнгөрсөн бямба гарагт Прага дахь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудыг нутаг буцаахаар шийдвэрлэснийг зарласан. Чехийн тал Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дипломатуудыг Оросын гадаад тагнуулын алба, тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд гэж үзэн ийм шийдвэр гаргасан байна.

Мөн 2014 онд Чехийн Врбетиц хотын зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажлын хүрээнд илрүүлсэн шинэ нөхцөл байдалтай холбоотойг мэдээлсэн. Тодруулбал, Чехийн тусгай албад зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Их Британийн Солсбери хотод Сергей болон Юлия Скрипаль нарыг сэтгэцэд нөлөөлдөг хорт бодисоор хордуулсан гэж сэжиглэж буй Оросын тусгай албадын ажилтнууд гэх Александр Петров, Руслан Бошировд нар холбоотой гэж үзэх үндэслэл гарч ирснийг мэдэгдсэн юм.

Чехийн эрх баригчид ийм мэдээлэл хийсний дараа өдөр Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна ОХУ-ыг эсэргүүцэгчид болон хоёр орны найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэхийг дэмжигчид зэрэг жагсаал цуглаан хийсэн байна. Энэ үеэр ОХУ-ыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Чехийн дипломатуудыг албадан гаргахаар шийдвэрлэлээ   
Үзсэн: 1924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй