Шууд Chart

Канцлерт эрх баригч нам Армин Лашетийн нэрийг дэвшүүллээ

2021-04-21 10:58:45

Германы эрх баригч Христийн ардчилсан холбоо намын тэргүүлэгчид болон удирдах зөвлөлийн гишүүн, тус намын шинэ тэргүүн Армин Лашетийг ирэх есдүгээр сард болох парламентын сонгуулийн нэрсийн жагсаалтад нэгдүгээрт бичиж, канцлерт нэр дэвшүүлэхийг дэмжин баталлаа. Энэ нь социологийн судалгааны дүнгүүд, сонгогчдын хүсэл сонирхлоос зөрсөн гэнэтийн шийдвэр байлаа гэдгийг ажиглагчид онцолж байна.

Христийн ардчилсан нам, Христийн социал холбоо эрх баригч эвслээс канцлерт нэр дэвших эрхийн төлөө Христийн ардчилсан намын тэргүүн Армин Лашетаас гадна олон нийтийн дундах рейтингээрээ хошуучилж явсан Бавари мужийн захирагч, Христийн социал холбоо намын тэргүүн Маркус Зёдер өрсөлдсөн юм.

Санал хураалтын дүнгээр Лашет 31, Зёдер 10 санал авсан бол 6 гишүүн түдгэлзсэн санал өгчээ. Зёдер Христийн ардчилсан намын удирдах зөвлөлийн шийдвэрийг дагана гэдгээ даруйхан мэдэгдсэн. Ингэснээр тэдний хооронд сүүлийн хэдэн 7 хоногийн туршид өрнөсөн өрсөлдөөн эцэслэгдээд байна.

Хоёр намын эвслээс канцлерт нэр дэвших болсон Армин Лашетийн хувьд канцлер Ангела Меркелийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн нэгдүгээр сард Христийн ардчилсан холбоо намын тэргүүнээр сонгогдсон. Умард Рейн Вестфаль мужийн Ерөнхий сайд юм. Хэдийгээр Христийн социал холбоо намын тэргүүн Зёдер санал асуулгуудыг тэргүүлж байсан ч Христийн ардчилсан холбооны удирдлага намынхаа тэргүүнийг ийнхүү дэмжээд байна.

Энэ хооронд Германы Ногоон намынхан канцлерт нэр дэвшигчээ тодруулаад байна. Тэд намын дарга, өдгөө 40 настай Аннален Бербокийг сонгожээ. Бербок төдийгүй Ногоон намын рейтинг одоогоор муугүй байгаа тул түүнийг дараагийн канцлераар сонгогдох магадлалтай нэр дэвшигч гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канцлерт эрх баригч нам Армин Лашетийн нэрийг дэвшүүллээ   
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй