Шууд Chart

Владимир Путин: Хэрэв бусад орнууд хэлэлцээнээс татгалзвал ОХУ ашиг сонирхлоо хамгаалах арга замыг сонгоно

2021-04-22 12:15:44

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр танхимтай парламент буюу Холбооны хуралд уламжлалт илгээлтээ тавилаа. ОХУ-ын Төрийн тэргүүний жил бүр Холбооны хуралд тавьдаг илгээлт нь улс орныхоо өнөөгийн байдлыг дүгнэж, дотоод, гадаад бодлогынхоо гол чиглэлүүдийг тодорхойлдгоороо өндөр ач холбогдолтойд тооцогддог юм. Энэ удаад цар тахлыг даван туулах стратеги, Өрнөдийн эсрэг сөрж зогсох бодлого баримтлах агуулгатай илгээлт тавьсан байна.

Владимир Путины хувьд 2000 онд ОХУ-ын Төрийн тэргүүн болсноос хойш 17 дахь удаагаа Холбооны хуралд илгээлтээ тавьж байна. Кремлийн тэргүүн энэ жил Навальныйг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаал тэмцэл, Өрнөдтэй харилцаа нь хурцадсан үед ард түмэндээ хандаж уламжлалт илгээлтээ тавилаа.

Түүний илгээлт ОХУ-ын "Ковид-19" цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр эхэллээ. Коронавирусний эсрэг гурван вакцин гарган авсан нь Оросын технологи, аж үйлдвэрлэлийн цар хүрээг харуулж байгааг онцоллоо.

Мөн ОХУ ойрын хугацаанд цар тахлын халдварыг зогсоож, улс орнуудад хилээ нээн, жуулчдыг хүлээн авна гэж мэдэгдлээ. Украины байдал, хүний эрхийн зөрчил, сонгуульд хөндлөнгөөс оролцсон зэрэг олон хүчин зүйлээс улбаалж ОХУ Өрнөдийн хооронд дипломат маргаан хурцадсан ийм үед ОХУ өөрийн эрх ашгаа хамгаална гэдгээ онцолж байна. Өөрөөр хэлбэл, улс орнууд тулгарсан сорилт бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээс зайлсхийсэн нөхцөлд ОХУ өөрийн ашиг сонирхлоо хамгаалах замыг сонгоно. Оросыг өдөөн хатгаж, ашиг сонирхолд нь заналхийлсэн хэн ч хатуу хариутай тулгарах болно гэж Владимир Путин онцоллоо.

Түүнчлэн Беларусын Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завсадсан хуйвалдааныг Оросын Төрийн тэргүүн иш татахдаа гадны ямар ч улс Оросын улаан шугамыг давах оролдлого хийхгүй гэдэгт итгэж байна гэдгийг онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч өмнөх илгээлтээ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 15-нд Холбооны хуралд тавьж байсан. Харин энэ жил "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор илгээлт тавих хугацаа, зохион байгуулах хэлбэрт өөрчлөлт оржээ.

Хэдийгээр Кремль цар тахалтай холбоотой хязгаарлалт хийсэн ч коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр оролцож илгээлтээ тавих хувилбарыг сонгожээ.

Журмын дагуу хууль тогтоогчид, Засгийн газрын гишүүд, ЕТГ-ын ажилтнууд, хууль шүүхийн удирдлагууд, мужийн захирагч, шашны тэргүүн зэрэг 1000 орчим зочин төлөөлөгч оролцлоо.

Өнгөрсөн онд Владимир Путин 1300 зочин төлөөлөгчийн өмнө илгээлтээ тавьж байсан юм. Үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдэд амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай барих журмыг мөрдүүлжээ.

Мөн энэхүү ёслолд оролцогч бүх хүнээс коронавирусний гурван удаа өгсөн сөрөг шинжилгээний хариутай байхыг шаардсан байна. Мөн сэтгүүлчдийн тоо өнгөрсөн онд 900 гаруй байсан бол энэ жил 435 сэтгүүлчид сурвалжлах зөвшөөрөл өгчээ.

Энэ жилийн илгээлт нэг цаг гаруй үргэлжилжээ. Владимир Путины хамгийн урт илгээлт 2018 онд хоёр цаг гаруй үргэлжилж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин: Хэрэв бусад орнууд хэлэлцээнээс татгалзвал ОХУ ашиг сонирхлоо хамгаалах арга замыг сонгоно   
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй