Шууд Chart

Цар тахлын улмаас БНЭУ болон Японы 2+2 уулзалт хойшиллоо

2021-04-22 13:43:38

Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлэсэнтэй холбогдуулан Энэтхэг, Японы Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нарын 2+2 уулзалт хойшиллоо.

Нөхцөл байдалтай холбогдуулан Энэтхэгийн Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нар энэ 7 хоногийн сүүлчээр Токио хотноо зохион байгуулахаар товлоод байсан уулзалтад оролцож чадахгүйд хүрч, айлчлалыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Мөн Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ энэ сарын сүүлчээр Энэтхэг улсад айлчлахаар төлөвлөж байгаа хэдий ч тус улсын Засгийн газар Энэтхэгийн цар тахлын нөхцөл байдлыг харгалзан, айлчлал товлосон хугацаандаа хэрэгжих эсэхийг шийдэх юм байна.

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот цар тахлын шинэ давлагааг хязгаарлахын тулд даваа гарагаас эхлэн долоо хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байна.

Шинэ Дели хотод сүүлийн долоо хоног дараалан өдөрт коронавирусний 200 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхүйд хүрчээ. Шинэ Дели хотын захиргаа сургууль, худалдааны төвүүд, теарт зэрэг олон нийтийн бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоож, иргэдээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Энэтхэгт өнгөрсөн сараас эхлэн цар тахлын халдвар эрс нэмэгджээ. Үүнд коронавирусний шинэ мутаци голлон нөлөөлж байж магадгүй гэж мэргэжилтнүүд нь үзэж байна. Мягмар гарагт л гэхэд тус улсад коронавирусний 250 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1761 хүн нас баржээ.

Шинэ Дели хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгууд дүүрч, нэмж хүн авах боломжгүй болжээ. Нийслэл хотын хэмжээнд эмнэлгийн дэд бүтэц, амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн хомсдолтой тулгарч буй юм байна. Эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хомсдолыг арилгахын тулд Энэтхэгийн Засгийн газар задгай талбай, үйл ажиллагаа явуулахгүй байгаа зочид буудал зэрэг эх үүсвэрээ ашиглан түр эмнэлгүүд байгуулж байна.

Үүний зэрэгцээ Энэтхэгийн Засгийн газар хүн амаа дархлаажуулах аянаа эрчимжүүлж байна. Улс орондоо үйлдвэрлэсэн вакцины тал хувийг мужууд болон эмнэлгүүддээ нийлүүлэх юм байна. Нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улс 18-аас дээш насны бүх иргэдээ тавдугаар сарын 1-нээс эхлэн вакцинд хамруулахаар болсноо даваа гарагт зарласан байна. Энэ нь тус улсын хувьд вакцинжуулалтын гурав дахь үе шат нь юм.

Тус улс өнгөрсөн нэгдүгээр сард эмнэлгийн ажилтан, нийгмийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа иргэдээ, үүний дараа 45-аас дээш насны иргэдээ вакцинд хамруулж байна. Энэтхэгт цар тахал дэгдсэнээс хойш 15 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, энэ үзүүлэлтээр дэлхийд Америкийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахлын улмаас БНЭУ болон Японы 2+2 уулзалт хойшиллоо   
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй