Шууд Chart

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна

2021-05-13 10:49:14

Америкийн Холбооны мөрдөх товчоо Колониал түлш дамжуулах хоолойн компьютер сүлжээг доголдуулж, барьцааны мөнгө нэхсэн цахим халдлагын ард Оросод төвтэй ДаркСайд хакер бүлэг байгааг тогтоосон тухайгаа даваа гарагт мэдээлсэн. Гэхдээ Америкийн ерөнхийлөгч Байден энэ халдлагад Оросын засгийн газар оролцсон гэх нотолгоо баримт одоогоор байхгүй байна гэж мэдэгдсэн юм. Харин Оросын засгийн газар энэ халдлагын ард Москва байж болзошгүй гэх таамгийг няцааж, оролцоогүй гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт АНУ-ын зүүн бүсийн газрын тосны хамгийн том хоолой цахим халдлагын улмаас үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн. Холбооны мөрдөх товчооны сэжиглэж байгаа ДаркСайд хакер бүлэг “бид ардаа ямар ч албан ёсны дэмжлэггүй, улс төрөөс ангид, зөвхөн мөнгө олох зорилготой” гэж цахим хуудсаараа дамжуулж мэдэгджээ. Тус бүлэг хэр хэмжээний мөнгө нэхсэн нь тодорхойгүй байна. Колониал компани ч барьцааны мөнгө төлсөн эсэх тухай мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Дарксайд бүлэг өнгөрсөн оноос Баруун Европ, Канад, Америкийн дунд болон том хэмжээний компаниудад халдаж эхэлсэн бөгөөд хий, шатахууны хоолойн аюулгүй байдлыг хянадаг хяналтын системийг унтрааж, олон зуун сая доллар нэхдэг. Мөн байгууллагуудын их хэмжээний дата мэдээллийг хуулж авч, барьцааны мөнгө төлөхгүй бол нийтэд тараана гэж заналхийлдэг. Барьцааны мөнгө авсны дараа тухайн сүлжээг хаасан түгжээ кодыг тайлах програмыг тухайн байгууллагад өгдөг арга барилтай. Барьцааны мөнгийг авахдаа дансаар бэлнээр авдаггүй, зөвхөн цахим мөнгөөр шилжүүлэхийг шаарддаг аж.

АНУ-ын ерөнхийлөгч Байден ирэх сарын эхээр төлөвлөсөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтын үеэр энэ тухай хөндөж магадгүй гэсэн таамаг байна. Гурав хоног үйл ажиллагаа нь зогссон Колониал шатахууны хоолойн үйл ажиллагааг хэсэгчилж сэргээснээ тус компани нь даваа гарагт мэдэгдсэн. Колониал хоолой нь Техас Нью-Йоркийн хооронд шатахуун нийлүүлдэг Америкийн хамгийн том хоолойн нэг юм.

Халдлага үйлдэгчид Америкийн зүүн бүсийн ихэнх хэсгийг хамарсан уг хоолойн шатахуун, дизель түлш болон онгоцны түлшний нийлүүлэлтийг хязгаарлана гэж заналхийлсэн. Гэхдээ хоолойг эзэмшигч компани ямар нэгэн эвдрэл гараагүй, хэсэгчилж нээсэн, түлш тасалдсан зүйл байхгүй гэж мэдэгджээ. тус компани энэ 7хоногийн сүүл гэхэд хоолойн үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байна. Гэвч АНУ-ын зүүн болон өмнөд мужийн зарим хотуудад шатахууны үнэ өснө гэсэн болгоомжлолын үүднээс шатахуун түгээх станцууд дээр автомашины урт дараалал үүссэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна   
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй