Шууд Chart

Израиль, Палестины радикалуудын мөргөлдөөн, агаарын цохилт үргэлжилсээр байна

2021-05-13 11:21:26

Израиль, Палестины радикалуудын мөргөлдөөн, агаарын цохилт үргэлжилсээр байна. Өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн энэхүү агаарын цохилтын үеэр Газын зурвасаас нийт 1000 гаруй пуужин хөөргөсөн тухай Израилийн Батлан хамгаалах арми өчигдөр мэдэгдлээ. 850 пуужин нь Израилийн хилийг давсан бол 200 пуужин нь Газын зурвастаа унасан гэж армийн төлөөлөгч тэмдэглэсэн байна.

Түүнчлэн нисгэгчгүй дрон Газын зурвасаас Израиль руу хөөргөснийг өчигдөр агаарын орон зайд сөнөөсөн байна. Израилийн дайчид мөн Палестины ХАМАС бүлэглэлийн тагнуулын албаны нэр нөлөө бүхий хоёр төлөөлөгчийг сөнөөгч онгоцоороо устгасан гэжээ.

ХАМАС бүлэглэл даваа гарагийн шөнөөс эхлэн Газын зурвасаас Израилийн хотууд руу пуужин харваж эхэлсэн юм. Үүний хариуд Израилийн цэрэг дайчид Газын зурвас руу агаарын цохилт хийж, пуужин харваж байна. Хоёр талын мөргөлдөөний үеэр хохирогчдын тоо улам нэмэгдэж байна.

Өнгөрсөн мягмар гарагийн өдөр Израилийн хүчний агаарын цохилтын үеэр Газад байдаг 13 давхар “Бурж-Ханади” барилга сүйрчээ. Энд ХАМАС бүлэглэлийн оффис байрладаг тухай Би-Би-Си-д мэдээлсэн байна.

“Бурж-Ханади” барилга нурсны дараа Палестины бүлэглэлээс Тель-Авив руу 130 пуужин хөөргөсөн гэж мэдэгдсэн байна.

Хотод агаарын түгшүүрийн дохио хангинаж, явган зорчигчид болон ресторанаар үйлчлүүлж байсан иргэд хоргодох байр хайлдан гүйлдэж эхэлсэн байна. Түүнчлэн Газад хүн оршин суудаг байрууд ру пуужин харвасны хариу болгон, Израилийн Беер-Шев хот руу 100 пуужин харвасныг “ХАМАС” хөдөлгөөний цэргийн жигүүр болох “Иззэдин аль-Кассамын бригад” бүлэглэлээс мэдэгджээ.

Агаарын цохилтын улмаас Израилийн гол нисэх онгоцны буудал болох “Бен Гурион”-ы үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоос өөр аргагүй болсон. Израилийн талаас 5 хүн, харин Палестины талаас 35 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мягмар гарагт телевизээр дамжуулж хэлсэн үгэндээ Израилийн агаарын цохилт улам нэмэгдэх болно гэж анхааруулсан байна.

Израиль, Палестины агаарын цохилт даваа гарагаас эхэлсэн юм. Израилийн ХАМАС бүлэглэлийн зүгээс Иерусалимын Ариун сүмийн ууланд байдаг лалын Аль-Акса сүмээ Израилийн түрэмгийлэх, терроризмоос хамгаалах болно гэсэн. Мөргөлдөөн үүсэх болсон шалтгаан нь Израилийн шүүхээс Зүүн Иерусалимын Шейх-Жарр дүүрэгт шинэ барилга барихын тулд палестин айл өрхүүдийг нүүлгэх шийдвэр гаргасан, мөн лалын шашинтнуудыг даваа гарагт Иерусалимын өдрөөр, шүтээн нь болсон Ариун сүмийн ууланд нэвтрүүлэхийг хориглосноос болсон гэж хэвлэлүүдэд тэмдэглэж байна.


Израиль, Палестины радикалуудын мөргөлдөөн, агаарын цохилт үргэлжилсээр байна  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй