Шууд Chart

Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”

2021-05-15 09:25:46

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тэмдэглэх болсон билээ. 
 
НҮБ-аас энэ жилийн гэр бүлийн өдрийг “Тогтвортой хөгжилд чиглэсэн нийгмийн шударга шилжилт: нийгмийн хөгжил, нийтийн сайн сайхан байдалд дижитал технологийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор тэмдэглэж байна.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийг дэмжсэн нийгмийн хамгааллын арга хэмжээний хүрээнд эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон сайн дураар даатгуулсан эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн.
 
Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгодог болж, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэн хүүхдээ харж буй аавуудад энэ оны 7 дугаар сарын 1-нээс олгох зэрэг өрх, гэр бүлийн аж амьдралд бодитой дэмжлэг үзүүлэх ажлыг хийж байна.
 
"Ковид-19" цар тахлын нөлөөгөөр иргэдийн ажил, амьдралын орчин, хэв маяг өөрчлөгдөж, дижитал технологийн хэрэглээ чухал үүрэгтэй болсон энэ үед бид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын видео контент, постер зэрэг мэдээ мэдээллийг цахимаар хүргэж байна.
 
Гэр бүл төвтэй хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амынхаа өсөлтийг дэмжих, өрх, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээг нийгмийн ажлын мэргэжлийн түвшинд хүргэх, хүүхэд, залуучууд, хосууддаа бүхий л түвшинд гэр бүлийн боловсрол олгох зорилтыг дэвшүүлж, яамныхаа бүтцэд анх удаа Гэр бүлийн бодлогын газрыг байгуулаад байна.
 
Цаашид бид нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, иргэдийн ажил/амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, залуу, зорилтот болон олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих, гэр бүлийн боловсрол олгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
 
Та бүхэнд Гэр бүлийн өдрийн мэнд хүргэе. 
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”   
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй