Шууд Chart

Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ

2025-07-01 17:24:57

 Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг эхлүүллээ.

Тус өдөрлөгт шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Улаанбаатар хотын даргын орлогч, НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын төлөөлөгчид оролцсон.

Одоо хийгдэж байгаа вакцин  туршилтаар хийгдээгүй гэдгийг хэлмээр байна

Шадар сайд С.Амарсайхан: Улаанбурхан өвчин амьсгал агаар дуслаар дамждаг. Бага насны хүүхэд ихээр өвчилдөг. Манай улсад анх удаа тархаж байгаа асуудал биш. 2015-2016 оны хооронд дэгдэлт гарч 53 мянган халдвар авч 132 иргэн амь насаа алдаж байсан. Тухайн үед 0-6 настай хүүхдийг дархлаажуулж халдварыг бууруулж байсан юм.Одоо хийгдэж байгаа вакцин шинээр туршилтаар хийгдээгүй гэдгийг хэлмээр байна.  Төрсөн хүүхдийг нас хүйсээр товлолт хугацаанд хийгдэж ирсэн вакцин. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 100 мянга гаруй тохиолдол ирсэн. Одоо баяр ёслол дөхөж байна. Зуны дэлгэр цагт олноороо цугларч, баяр наадам тэмдэглэдэг.

Энэ үед агаар дуслын замаар улам их тархаж, намар улам эрчимжих хандлагатай байгаа учраас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ шийдвэрийг гаргаж улс орон даяар 330 сум, есөн дүүргийн эрүүл мэндийн 600-аад төвөөр дамжуулж дархлаажуулалтыг эрчимжүүлж, хийхэд багачуудаа хамгаалах арга авч байна. Улаанбурхан өвчний вакцин дэлхийн нийтэд хэрэглэгдэж байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

Эрчим эмчилгээний тасагт маш хүнд гурван хүүхэд байгаа

Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалттай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын ажилчид бид уртасгасан цагаар, эрчимжүүлсэн бэлэн байдалд орж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гээд ажиллаж байгаа. Явуулын баг гаргасан байна.  Та бүхэн энэ зүтгэлийг үнэлж вакциндаа хамрагдаарай. Эргэлзэх зүйл байхгүй. Бид хамгаалж болох зүйлийг хийж чадахгүй явсаар хүүхдүүдээ алдаж байна. 2015, 2016 оны дэгдэлтээс маш сайн сургамж авсан. Өнөөдөр улаанбурхан өвчний тохиолдол 10,300-г давж, долоон хүүхдийн амь эндсэн байна.

рчимт эмчилгээнд маш хүнд гурван хүүхэд эмчлүүлж байна. Өвчлөлийн зураглалыг харвал гадуур их явж байгаа 17-оос дээш насны залуучуудын өвчлөл нэмэгдэж байгаа. Өвдсөн хүмүүс нь 2 нас хүртэлх тунгаа гүйцэд аваагүй хүүхдүүдэд халдвар тараагаад байна. Тиймээс бяцхан үрсээ иймэрхүү золиос болгож болохгүй. Удахгүй наадам болж, олон хоног амарна. Бүгдээрээ сайхан тайван амарцгаая. Өвчин зовлонгоос айж эмээхгүй, вакциндаа хамрагдчихаад сайхан наадъя" хэмээн ярилаа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй