Шууд Chart

“Эко соёл” сан энэ хавар 2500 мод тарина

2021-05-15 16:53:19

Нийслэлийн гэр хорооллыг моджуулах, эко орчин бүрдүүлэх “Нэг хашаа нэг мод” төсөл хэрэгжүүлэгч “Эко соёл” сан энэ хавар нийслэлийн 116, 129 дүгээр сургууль, 62, 214-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 22-р хороо, Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хайлаас, агч, улиас, монос, буйлс, голт бор, шар хуайс зэрэг олон төрлийн 2500 гаруй мод тарьж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Яармагийн хорооллын зарим айл өрхийн дунд мод тарьж, эко хөршийн холбоо байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн нэг онцлох үйл явдал нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш, эцэг, эхтэй хамтран мод тарих болон бусад хүмүүнлэгийн ажлыг 2020 оны “Эх дэлхийн мисс”-д Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон Б.Баттогтох ивээн тэтгэж тус сантай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн онд “Эко соёл” сан ШХА-н дэмжлэгээр нийслэлийн Самъяа хийдийн лам нартай хамтран Тасганы овооны гудамнуудад нийтдээ 1050 мод тарьсан нь энэ жил нахиалаад сайхан ургаж байгаа ба дахин 40 улиас тарихаар эко лам нартай ярилцаад байна гэж тус сангийн тэргүүн Т.Саруул ярилаа.

“Нэг хашаа нэг мод” төсөл нь Улаанбаатар хотын хөрсний бохирдол, агаарын тоосжилтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Төсөл хэрэгжүүлж байх явцад гэр хороололд байдаг сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн орчныг ногоон болгох, цэцэрлэгжүүлэх ажил маш их шаардлагатай байгаа нь анзаарагдсан тул энэ жилийн хаврын тариалалтад бид дээрх газруудыг түлхүү сонгон авсан гэлээ. 

Мод тарихдаа эхэлж төсөлд хамрагдсан айл өрх, иргэдэд заавал сургалт явуулж, тарих аргачлалыг сайтар зааж сургадаг. Ковидын болон хөл хорионы нөхцөл байдалд нийцүүлэн сургалтаа онлайн хэлбэрээр урьдчилан явууллаа. Иргэдэд мод тарих, аргачлалын сургалтаас гадна байгаль орчинд ээлтэй соёл, ухамсар, олон нийтийн оролцоог бий болгох нь төслийн өөр нэг үндсэн зорилго юм. 


“Эко соёл” сан энэ хавар 2500 мод тарина   
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй