Шууд Chart

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа

2026-04-27 16:51:52

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс анх удаа орж байгаа бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд татвараас чөлөөлөгдөх 367 нэр, төрлийн бүтээгдэхүүний 90 хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн байгаа.

Тиймээс манай талаас экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулан, хоёр улсын худалдааг эрчимжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг малын эрүүл мэнд, хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

2025 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр ОХУ-аас Монгол Улсад 200 мянган тун шүлхийн вакциныг шугамаар нийлүүлэхээр тохиролцсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ОХУ-аас манай улсад шүлхийн вакцин нийлүүлж байгаад талархал илэрхийлж, уг вакциныг үр дүнтэй ашиглах чиглэлээр мэргэжлийн байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газар анхаарч ажиллана гэв.

Мөн сайдын зүгээс ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад Монголын хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хүсэлт тавилаа.

ХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой гэдгийг онцлов. Тухайлбал, Буриадын “Мяспром” компани Монгол Улсаас 2000 тонн үхрийн мах, 1000 тонн адууны мах авахад бэлэн байгаа юм байна.

Бүгд найрамдах Буриад улс Монгол Улстай малын үржил, селекц болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, бухын хөлдөөсөн үр авах, адууны мах их хэмжээгээр импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй