Шууд Chart

АНУ Израиль-Палестины хурцадмал байдлыг намжаахаар төлөөлөгчөө илгээлээ

2021-05-16 12:36:52

Израиль Палестины зөрчил хурцдаж байна. Израиль Газын Зурвасын хилийн дагуу цэргээ байрлуулж, хуурай замын цэргийн ажиллагаа явуулж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Даваа гарагт эхэлсэн энэхүү зэвсэгт тэмцлийн улмаас Газын зурваст 133 хүн, Израильд 8 хүн амь насаа алдсан байна. Израиль, Палестины энэ хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээ хийх зорилгоор АНУ-ын төлөөлөгч өчигдөр Тель Авив хотноо газардлаа.

Израиль Газын зурвас руу агаараас бөмбөгдөж, хариуд нь Палестины Хамас бүлэглэл пуужин харвасаар байна. Хамас бүлэг даваа гарагаас хойш Израиль руу 1800 орчим пуужин харвасан бол Израилийн арми 600 гаруй удаа агаараас бөмбөгджээ. Гэхдээ Израиль амдан устгагч пуужингийн систем ажиллуулж байгаагаас тус улсын талд хохирол бага байна. Үүнээс гадна Израиль анхааруулга өгөхгүйгээр хүн ам оршин шигүү суурьшдаг барилгуудыг агаараас бөмбөгдөж байгаагаас олон хүн амь үрэгдэж байна гэж Газын Зурвасын оршин суугч мэдээллээ.

Америкийн төлөөлөгч Израиль Палестины хооронд гал зогсоох зорилгоор тэмцэгч талууд болон НҮБ-ын албаны хүмүүсийг оролцуулсан яриа хэлэлцээнд оролцох юм. НҮБ болон Египет улс зөрчилдөгч талуудтай гал зогсоох хэлэлцээ хийхээр чармайж байгаа ч одоогоор амжилт олоогүй байна. Сүүлийн өдрүүдэд Израилийн тал танкаар галлаж, агаараас бөмбөгдөх нь нэмэгдсэнээс үүдэж, Палестины 10гаруй мянган иргэн гэр орноо орхин дүрвэж байгаа аж.

Израилийн тал гал зогсоох гэсэн олон улсын чармайлт нэмэгдэж байгаа энэ үед Газын Зурвас дахь Хамас бүлэглэлд аль болох их хохирол учруулах сонирхолтой байна гэж цэргийн шинжээчид дүгнэсэн байна. Өнөөдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөл Израиль Палестины асуудлаар шуурхай хуралдаан хийнэ. Израиль Палестины энэ удаагийн зөрчил Зүүн Иерусалим дахь ариун газраас Израилийн цагдаагийн хамгаалалтыг гаргахыг Палестины тал шаардсанаас үүдэлтэй аж.

Харин энэ зөрчлийн үндэс нь газар нутаг, угсаатны ноёрхолтой холбоотой. Палестины ард түмний улс орноо байгуулах гэсэн газар нутаг дээр Израиль улс байгуулагдсанаас хойш энэ зөрчил сунжирч ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Израиль-Палестины хурцадмал байдлыг намжаахаар төлөөлөгчөө илгээлээ   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй