Шууд Chart

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулах цахим хэлэлцүүлэг боллоо

2021-05-18 16:32:02

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Үүгээр хуулийн төслийг холбогдох төрийн байгууллага болон санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодод танилцуулах, санал авах ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Энэ үеэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын шилдэг туршлага, зөвлөмжүүд, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, тандан судалгаа, хуулийн төслийн зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, хүрэх үр дүнгийн талаарх илтгэлүүдийг тавилаа. Мөн шүүхийн бус журмаар санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын маргааныг шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг сэдвээр танилцуулга хийгдэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын асуултад хариулж, санал солилцов.

Тус ажлын хэсэг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хөгжүүлэх” төсөлтэй хамтран ажиллаж, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарчээ.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын банкны холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлээ.


Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулах цахим хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй