Шууд Chart

Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

2021-06-12 11:30:41

Долоогийн бүлгийн дээд уулзалт өчигдөр Английн Карбис Бэй хотод эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү дээд уулзалтад Их Британи, АНУ, Герман, Итали, Канад, Франц, Японы төр засгийн тэргүүн нараас гадна Европын холбооны удирдагчид оролцож байна. Мөн Австрали, БНСУ, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын удирдагчид, олон улсын байгууллагуудын тэргүүн нар урилгаар оролцох юм байна. Дээд уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь коронавирусний цар тахлын дараах нөхцөл байдал, дэлхийн эрүүл мэндийн системийг хүчирхэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл, олон улсын тулгамдсан бусад асуудлууд байх аж. 

Коронавирусний цар тахлаас шалтгаалж Долоогийн бүлгийн удирдагчид сүүлийн хоёр жилд анх удаагаа нүүр тулан уулзаж байгаа юм. Өнгөрсөн жилийн дээд уулзалт АНУ-д зохион байгуулагдах ёстой байсан. Гэвч цар тахлаас болж цуцлагдсан. Энэ удаагийн дээд уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь мэдээж "Ковид-19" цар тахлын эсрэг хийж буй тэмцэл.

Энэ утгаараа Долоогийн бүлгийг тэргүүлж байгаа Их Британийн эрх баригчид энэ дээд уулзалтад оролцогчдоос тодорхой амлалт шийдвэр гаргуулахыг чармайж байна. Дээд уулзалтын өмнө Даунинг Стритээс Долоогийн бүлгийн удирдагчид дэлхийн улс орнуудыг нэг тэрбум тун вакцинаар хангах шийдвэрээ зарлахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Тодруулбал, Долоогийн бүлгийн удирдагчид коронавирусний эсрэг вакцинжуулалтын санхүүжилт, хуваарилалтад анхаарахаас гадна үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлж энэ зорилтдоо хүрэхээр төлөвлөж байгааг мэдээлж байна.

Мөн Их Британи улс энэ зорилгоор ирэх онд 100 сая тун вакцин нийлүүлэх бол энэ 9 сарын эцэс гэхэд 5 сая тун вакциныг ядуу буурай орнуудад илгээхээр төлөвлөж байгааг зарлаад байна. Дээд уулзалтаар хэлэлцэх дараагийн чухал сэдэвт нь олон улсын татварын тогтолцооны суурийг өөрчлөхтэй холбоотой асуудал багтаж байна. Тодруулбал, томоохон корпорациудын ашгийн татвартай холбоотой асуудал хөндөгдөнө.

Долоо хоногийн өмнө болсон Долоогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарын уулзалтаар үндэстэн дамнасан корпорациудын ашгийн татварыг 15 хувь болгох тохиролцоонд хүрсэн төдийгүй энэ татвараа үүсэн байгуулагдахдаа бүртгүүлсэн улс оронд биш харин үйл ажиллагаа эрхэлж ашиг олсон улсад төлдөг байх өөрчлөлт зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Дээд уулзалтын үеэр болох салбар хуралдаануудаар мөн олон улсын байдлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тэр дундаа ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудлыг онцгойлон хэлэлцэхээр байна.

Долоогийн бүлгийн дээд уулзалт аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалт дор болж байна. Нийт 6.5 мянган цагдаагийн ажилтан харуул хамгаалалтад гарчээ. "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэгчдэд дээд хэмжээний уулзалт болох газраас 10-аад км-ийн зайд талбай гаргаж өгсөн байна.

Мөн Карбис Бэй хотоос 40 км-ийн зайд хэвлэлийнхэнд зориулсан төв байгуулжээ. Эндээс тусгай зохион байгуулалттайгаар хэвлэлийнхнийг нэгдсэн журмаар хэвлэлийн бага хуралд оролцуулах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэллээ   
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй