“Тогтвортой хөгжлийн зорилго 17 – Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” сэдэвт “Trans-Altai Sustainability Dialogue-2026” олон улсын хэлэлцүүлгийн “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инноваци” салбар хуралдаанд Эрүүл мэндийн сайд, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар “Монгол Улсын эрүүл мэндийн цахим шилжилт” сэдвээр илтгэл тавилаа.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцооны хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэл, туршлагыг танилцууллаа.
Тэрээр илтгэлдээ Монгол Улс эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан болон олон улсын HL7 FHIR стандартад нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл солилцооны тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр иргэн төвтэй, нотолгоонд суурилсан, өгөгдөлд түшиглэсэн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх шинэ шатанд шилжсэнийг онцлов.
Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд 49.7 сая эрүүл мэндийн бүртгэл хадгалагдаж байгаа бөгөөд 2007 оноос хойших мэдээллийг бүрэн нэгтгэснээр Монгол Улсын 3.5 сая иргэний 20 жилийн хугацааны эрүүл мэндийн мэдээллийн тасралтгүй сан бүрдэх юм. Цаашид жил бүр 56 сая гаруй шинэ бүртгэл нэмж хуримтлагдаж, 2033 он гэхэд нийт 700 сая орчим бүртгэлтэй болох төлөвтэй байгааг танилцууллаа.
Мөн энэхүү тогтолцоо нь эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг бодит цаг хугацаанд нэгтгэн ашиглах, өвчлөлийн чиг хандлагыг үнэлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бодлого төлөвлөлт, судалгаа шинжилгээ, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг нотолгоонд суурилан үнэлэх боломжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Тогтвортой хөгжлийн зорилгыг нэг улс дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Харин мэдлэг, туршлага, технологио хуваалцаж, хамтран ажилласнаар бид илүү эрүүл, илүү хүртээмжтэй ирээдүйг хамтдаа бүтээнэ” гэлээ.

| Э.Батшугар: Монгол Улс эрүүл мэндийн цахим шилжилтийн туршлагаа олон улсын түвшинд танилцууллаа | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.