Шууд Chart

Дэлхийн хэмжээнд 2.26 тэрбум тун вакциныг 200 гаруй улс орны хүн амд хийгээд байна

2021-06-12 11:36:57

Дэлхийн хэмжээнд 2.26 тэрбум тун вакциныг 200 гаруй улс орны хүн амд хийгээд байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 14.8 хувийг бүрэн дархлаажуулахад хүрэлцэхүйц хэмжээ юм. Блүүмбергийн нэгдсэн статистик мэдээгээр дэлхий дахинд хоногт 34.8 сая вакцин хийж байна.

Дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн их буюу нийт 845.2 сая тун вакцин хийгээд байгаа юм байна. Энэ тухай Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос албан ёсоор мэдээлсэн юм. Харин АНУ нийт 306 сая тун вакциныг хүн амдаа хийгээд байна. Тус улсад хоногт 1.14 сая тун вакцин хийж байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европт ирэх намар цар тахлын эсрэг ээлжит давлагаа үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин хангалтгүй байгааг шүүмжилж байна. Тус байгууллагын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге Энэтхэгт анх илрүүлсэн халдвар ихээр тараах чадвартай коронавирусний шинэ хувилбарын халдвар Европт дахин давлагаа үүсгэж болзошгүйг анхааруулсан юм.

Европын ихэнх улс оронд хорио цээрийн дэглэмүүдээ сулруулж, олон нийтийн уулзалт, хурал зохион байгуулж, хилийн чанад руу аялахыг зөвшөөрч эхэлж байгааг тэрбээр сануулсан юм. Үүний хамтаар Европын нийт хүн амын ердөө 30 хувь л вакцины эхний тунг хийлгэсэн байгаагийн дээр 17 хувь нь бүрэн тундаа хамрагдсан байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг онцолсон байна.

ОХУ тэр дундаа нийслэл Москва хотод коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдээд байна. Сүүлийн 24 цагт халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 5245-аар нэмэгдсэн нь өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болоод байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй байгааг эрх баригчид анхааруулж вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Японд вакцинжуулалтын аяныг идэвхжүүлэхийн тулд гамшгийн үед ашигладаг түр хоргодох байрнуудыг дархлаажуулалтын төв болгохоор төлөвлөжээ. Тус улсад далайн хар шуурга, борооны улирал эхэлж байгаа учир байгалийн гамшиг нүүрлэсэн ч дархлаажуулалтаа зогсоохгүйн тулд ийм арга хэмжээ авч байна.

Түүнчлэн дэлхийн улс орнуудад 12-17 настнуудыг вакцинд хамруулахад онцгой анхаарч байна. АНУ-д Пфайзер Бионтехийн вакциныг яаралтай горимоор энэ насныханд хийхийг зөвшөөрсөн байгаа. Тэгвэл Модерна компани хүнс эмийн хяналтын газарт 12-17 насныханд вакцинаа хийх зөвшөөрөл хүссэн байна. Тус компанийн өнгөрсөн сард хийсэн эмнэлзүйн туршилтаар 12-17 насны хүүхдүүдэд хийсэн вакцин томчуудынхтай адил дархлаа үүсгэж байгаа нь батлагдсан юм байна. Хонгконгод Бионтехийн вакциныг 12-15 насныханд хийхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр нийт 250 гаруй мянган хүүхэд вакцинд хамрагдах боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд 2.26 тэрбум тун вакциныг 200 гаруй улс орны хүн амд хийгээд байна  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй