Шууд Chart

“G7”-гийн удирдагчид дэлхийн улс орнуудыг нэг тэрбум тун вакцинаар хангах шийдвэрээ зарлана

2021-06-12 12:11:17

Долоогийн бүлгийн удирдагчид Карбис Бэй хотод хийж буй дээд хэмжээний уулзалтан дээрээ дэлхийн улс орнуудыг нэг тэрбум тун вакцинаар хангах шийдвэрээ зарлахаар төлөвлөж буй юм байна. Энэ тухай дээд уулзалтын өмнө зохион байгуулагч орон Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон мэдэгдсэн байна.

Долоогийн бүлгийн удирдагчид коронавирусний вакцины санхүүжилт, хуваарилалтад анхаарахаас гадна үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлж энэ зорилтдоо хүрэхээр төлөвлөж байгааг Даунинг Стритийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Мөн Их Британи улс энэ зорилгыг биелүүлэхийн тулд ирэх онд 100 сая тун вакцин нийлүүлэх бол энэ 9 сарын эцэс гэхэд 5 сая тун вакциныг ядуу буурай орнуудад илгээхээр төлөвлөж байгааг зарлаад байна.

Харин үүнийхээ 80 гаруй хувийг олон улсын "Ковакс" санаачилгаар дамжуулан хандивлах болно гэдгээ мэдэгдсэн байна. Их Британид "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалт амжилттай үргэлжилж байгаагийн ачаар илүү гарсан вакцинаа шаардлагатай улс орнуудад хандивлах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд Борис Жонсон онцолсон байна.

Түүнчлэн тэрбээр Долоогийн бүлгийн бусад удирдагчид дэлхийн хүн амын дийлэнх хувийг ирэх оны эцэс гэхэд бүрэн вакцинжуулахад хамтын хүчин чармайлт гаргаж тодорхой амлалт үүрэг авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх олон улсын "Ковакс" санаачилга коронавирусний вакцинуудын үйлдвэрлэлийг эрчимжүүлж, шударга, тэгш хуваарилах зорилготой. Олон улсын энэ механизмын хүрээнд 2021 оны эцэс гэхэд коронавирусний эсрэг нийт хоёр тэрбум тун вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилахаар төлөвлөсөн байгаа юм. Одоогийн байдлаар "Ковакс" механизмын шугамаар нийт 81 сая тун вакциныг шаардлагатай улс орнуудад нь хуваарилаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“G7”-гийн удирдагчид дэлхийн улс орнуудыг нэг тэрбум тун вакцинаар хангах шийдвэрээ зарлана   
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй