Шууд Chart

“Ковид-19” цар тахлаас сургамж авч, өмнөх алдаагаа давтахгүй байхыг уриаллаа

2021-06-13 12:38:10

Английн  Карбис  Бэй  хотноо долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт 2 дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Баасан гарагт Их долоогийн бүлгийн орнуудын удирдагчид хүн хоорондын зай баримтлан  уламжлалт дурсгалын  зургаа  татуулж  цар  тахлын дараах  үеийн  дэлхий нийтийн сэргэлттэй холбоотой асуудал хөндсөн эхний хуралдаанаа хийлээ.

Дээд  уулзалтыг нээж  зохион байгуулагч орон Их Британийн засгийн газрын тэргүүн Борис Жонсон үг хэлсэн. Энэ үеэрээ тэрбээр оролцогчдод хандаж цар тахлаас сургамж авч өмнөх алдаануудаа давтахаас зайлсхийхийг уриалсан юм. Их Британийн Ерөнхий сайд сүүлийн хямрал буюу 2008 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын дараах тэгш бус сэргэлтээс  сургамж  авч  алдаагаа  давтахгүй байх нь  амин  чухал байгааг онцолсон  юм. 

Мөн Цар  тахал урт хугацааны шарх сорив үлдээж нийгмийн тэгш бус байдал ч газар авч болзошгүй байгаагаас сэргийлэхийг уриалж байлаа. Түүнчлэн  дээд хэмжээний  энэхүү  уулзалтад  оролцогчдод хандаж  илүү  сайхан  ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө хамтран ажиллахад  гол анхаарлаа хандуулах хэрэгтэй  байгааг онцлон хэлсэн байна. Долоогийн бүлгийн дээд  уулзалт Корнуолл  гүнлэгийн  Карбис Бэй хэмээх  хотод  өчигдөр  эхэлсэн. 

Баасан гарагийн  уулзалтад  долоогийн бүлгийн орнуудын удирдагчдаас гадна Европын Холбооны эрх баригчид оролцсон. Харин урилгаар оролцох БНСУ, ӨАБНУ зэрэг орны  төр засгийн тэргүүн  нар  өчигдөр  тус хотод  хүрэлцэн ирсэн  байна.

Дээд хэмжээний уулзалтуудыг тэр дундаа  долоогийн бүлгийн орнуудын  уулзалтын  үеэр  даяаршлыг  эсэргүүцэгчид, байгаль хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион  байгуулдаг уламжлал  бараг тогтсон. Энэ удаад  байгаль хамгаалагчид   Карбис  Бэй хотоос зайтай орших Сэнт Айвс  хотод  жагсаал  цуглаанаа зохион байгуулсан байна. Тэд улс төрчдийг уур амьсгалын  өөрчлөлттэй холбоотой  асуудлыг үл  тоож, эрдэмтдийн байр  суурийг сонсдоггүй хэмээн буруушааж байгаагаа илэрхийлж байлаа. Дээд уулзалтын үеэр эсэргүүцлийн жагсаал  хийх хүсэлтээ 40 гаруй бүлэг албан ёсоор  өгсөн  байна. Тэдний зарим нь  мөн л Карбис  бэй-гээс 40 өөд км-ийн зайд  орших Фалмут  хотод  эсэргүүцлийн жагсаалаа зохион байгуулсан  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ковид-19” цар тахлаас сургамж авч, өмнөх алдаагаа давтахгүй байхыг уриаллаа  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй