Шууд Chart

Д.Отгондалай: Гэр маань аймгийн төвөөс таван км зайтай ч өглөөний долоон цагийн бэлтгэлийг тасалж үзээгүй

2021-06-21 13:11:50

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ноос Олон улсын олимпын өдрийг угтан цуврал арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Үүний хүрээнд өчигдөр “Олимпын одод бидний бахархал” сэдэвт цахим ярилцлага зохион байгуулагдлаа.

Цар тахлын улмаас урт хугацааны турш хөл хорионд орж, танхимын хичээл, сургуулиасаа холдсон хүүхдүүдийн хувьд олимп, дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулсан алдартнуудтай цахимаар уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах нь томоохон завшаан байв. Тэд яг л “Олимпын одод” шиг амжилт, ялалтын оргилд гарахаар тэмүүлж, хичээл номоо үзэн, бэлтгэл сургуулилтаа хийж буй хүүхдүүд. Тиймээс олимпын медальтнуудын туулсан замнал, амссан туршлага, зөвлөгөө тун үнэтэй байсан нь гарцаагүй.

Цахим уулзалтын үеэр хүүхдүүд олимпын медальтнуудын нууц авьяасыг илрүүлж чадав. Тухайлбал, Д.Отгондалай гавьяат хоол сайн хийдгээ хэлэв. Тэр ч байтугай хонь, үхэр хүртэл төхөөрч, янзалж чаддаг болохоо сонирхуулсан юм. Түүнчлэн “Олимп, дэлхийн аваргын аль нь хэцүү вэ” гэсэн А.Барсболдын асуултад П.Сэрдамба дэлхийн аваргыг онцлов. “Олимпын наадамд ихэвчлэн нэгнээ сайн таньдаг, арга барилыг нь мэддэг тамирчид ирдэг. Харин ДАШТ-д хэний ч танихгүй “битүү морь” ирэх тохиолдол цөөнгүй. Сайн мэдэхгүй тамирчинтайгаа судалгаа хийлгүйгээр тулалдана гэдэг хэцүү шүү дээ” хэмээн ярилаа.

Түүнчлэн олимпын медальтнууд амжилтад хүрсэн түүхээ хуваалцсан нь өсвөр тамирчдад үнэтэй сургамж болов. Тухайлбал, Д.Отгондалай “Гэр маань аймгийн төвөөс таван км зайтай. Би бэлтгэлдээ өглөө бүр гүйж очно. Энэ хугацаанд би өглөөний долоон цагийн бэлтгэлийг нэг ч удаа тасалж үзээгүй. Бэлтгэлээ тууштай, үнэнчээр хийсний ачаар өнөөгийн амжилтад хүрсэн болов уу” гэв.

П.Сэрдамбын хувьд боксын дугуйланд ороод удаагүй байхад Д.Ганзориг багш нь гурван сар бэлтгэлээ таслахгүй бол төлбөр авахгүй гэдгийг хэлжээ. “Бид тухайн үед долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг байлаа. Би нэг ч удаа бэлтгэлээ тасалж үзээгүй” хэмээн П.Сэрдамба ярьж, залуу тамирчдад бэлтгэл сургуулилтдаа чин сэтгэлээсээ хандахыг зөвлөсөн юм.

Харин Д.Мөнхбаяр гавьяат “Би буудлагын спортод ороод 30 жил болжээ. Дунд нь шантрах тохиолдол гаралгүй яах вэ. Гэхдээ энэ спортоос авч буй эерэг мэдрэмжийг юутай ч харьцуулшгүй. Тиймээс хэдий хүнд байсан ч орхиж чадаагүй” гэсэн юм.

Ийнхүү олимпын ододтой хийсэн сурагчдын уулзалт үр дүнтэй, найрсаг, дулаан уур амьсгалтай болж өндөрлөлөө.

Сонирхуулахад, МҮОХ-ноос олимпын өдрийг угтан зохион байгуулж буй дараагийн арга хэмжээ энэ сарын 22-ны мягмар гарагт буюу маргааш "Олимпизм - бие бялдрын хүмүүжил - Токио 2020" сэдэвт цахим форумаар үргэлжилнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Отгондалай: Гэр маань аймгийн төвөөс таван км зайтай ч өглөөний долоон цагийн бэлтгэлийг тасалж үзээгүй  
Үзсэн: 2893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй