Шууд Chart

Нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

2026-06-22 16:06:02

Прокурорын байгууллага 2026 оны 06 дугаар сарын 15-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,644 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.Дээрх хугацаанд 1,648 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 840 хэрэг шинээр нээж, 464 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Өмчлөх эрхийн эсрэг 134, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Авлигын эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:

Авлигын хэргүүдийн талаар:

  •  Э.Т нь нийтийн албан тушаалтан буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ... төвийн даргаар ажиллаж байхдаа Н.О-ын хүүг ажилд томилуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Н.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  •  Г.Н нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн ... газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 11 хуулийн этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хэсэгт “багажийн түрээсийн төлбөрийг ... дансанд шилжүүлнэ үү” гэсэн заалт оруулж, нийт 24,7 сая төгрөгийг төлбөрт шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
  •  Н.М нь ... гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн, гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
  •  Э.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2025 оны 2-3 дугаар сарын хугацаанд төлбөр төлөгч нэр бүхий 3 иргэн, 1 хуулийн этгээдийн төлбөрт тооцуулахаар өгсөн 14,2 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч, улмаар хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  •  Б.Д ... яамны ... газрын даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг олгохын тулд бусдад нөлөөлж, “Х...” ХХК -д санхүүжилт олгуулсны хариуд 2024 оны 1-9 дүгээр сарын хугацаанд, бусдаас нийт 590 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн төрсөн ахын нэр дээр орон сууц захиалах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч, хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүй хөрөнгөжсөн)-т зааснаар,
  • Д.Н нь ...татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж, “Х...” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцдаа гүйцэтгэх захирал Н.Э-с 2024.11.06-ны өдөр 40 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар,
  • Н.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн үеэл дүүгээр дамжуулан ... яамны ... газрын дарга Б.Д-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 590 сая төгрөгийн хахууль, мөн татварын хяналт шалгалт хийж байгаатай нь холбогдуулан татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Бусад хэргийн талаар:

  •  “Л..” ХХК нь 2025 оны 4-7 дугаар сарын хугацаанд хаягдал тос дахин боловсруулж түлш гарган цахилгаан үүсгэвэрт ашиглах зорилгоор "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан октан, пентан, гексан, гептан, хүхрийн хүчил зэрэг нийт 7 ширхэг шуудайтай, 179.6 кг хэмжээтэй химийн хорт болон аюултай бодисуудыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар худалдан авсан, ашигласан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Химийн хорт, аюулгүй бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  •  Г.Н нь насанд хүрээгүй хохирогчийн биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (биеэ үнэлэхийг зохион байгуулах), 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалт (хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  •  Г.О нь Нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий хохирогч эмэгтэйчүүдийг хүч хэрэглэхээр заналхийлж, хүүтэй мөнгө зээлсэн гэх нөхцөл байдлын улмаас эрхшээлд нь байгаа байдлыг далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт (Бэлгийн мөлжлөг)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхэд;
  •  Ч.Р нь “Д...” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа буюу 2024 оны 1 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх дөрвөн замын уулзварт компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн тээврийн хэрэгслээр 15,7 тонн шингэрүүлсэн хий (газ) тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцохдоо Ниссан патрол (Nissan Patrol) загварын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүсэж, улмаар 7 хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох), Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах), Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  •  С.Т нь 2026 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас олон улсын шуудан илгээмжээр дамжуулан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, тунгалаг өнгийн, шилэн савлагаатай сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Б.Д, Ц.С нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Б.М-д худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • С.Г, Б.С нар нь бүлэглэн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэлдээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, "мөс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

 


Нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон хэргүүдийг шүүхэд шилжүүллээ  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй