Шууд Chart

ДЭМБ: Буурай орнуудын вакцины нөөц дуусч байна

2021-06-23 13:23:09

“КОВАКС” хөтөлбөр 131 оронд 90 сая тун вакцин нийлүүлжээ

Олон улсын хэмжээнд цар тахлын эсрэг вакцинжуулалтын хурд саармагжиж магадгүй байгааг дэлхийн зарим хэвлэл онцолсон байна. Вакцины нөөцөө дуусч байгаа буурай орнуудын тоо нэмэгдэж байгааг ДЭМБ-ын зүгээс анхаарууллаа. Африкийн цөөнгүй оронд ийм асуудал тулгарлаа.

Вакцины нөөц нь дуусаж байгаа буурай орнуудад коронавирусний эсрэг дархлаажуулалтын аян зогсонги байдалд орж болзошгүй эрсдэл үүсээд байгааг BBC агентлаг дамжуулсан. Тэр дундаа цар тахлын гурав дахь давлагаанд өртөөд байгаа Африкийн зарим орон коронавирусний эсрэг  вакцины хомсдолтой тулгарч эхлээд байна.  Тухайлбал, Африкаас Уганда, Зимбабве, Азиас Бангладеш, Тринидад ба Тобаго улс вакцингүй болсон гэдгээ мэдээлсэн байна. Өмнөд Африкт сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа юм.

ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса “Өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо дунджаар 7500 буюу шинэ дээд түвшинд хүрч очоод байна. Өнгөрсөн 14 өдрийн хугацаанд Ковид-19-ийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүдийн тоо  өмнөхөөсөө  59 хувиар нэмэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт өдөрт нас барж буй хүний тоо 535-аас 791 хүрч, 48 хувиар нэмэгдээд байна” гэв.

Өмнөд Африкт цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай зэрэгцэн тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса чинээлэг орнуудыг вакцин нөөцлөхөө зогсоохыг уриалсан байна. Мөн тэрбээр Африк тив ердөө 40 сая орчим тун вакциныг хүмүүст тариад байгааг дуулгалаа. Өөрөөр хэлбэл, тус тивийн нийт хүн амын 2 хүрэхгүй хувь нь  вакцин хийлгэсэн гэсэн үг юм. Хөгжиж буй, буурай улс орнууд ДЭМБ-ын КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан вакцин хүлээн авч байгаа. Цар тахлын эсрэг тэмцэлд амин чухал хэрэгцээтэй байгаа вакциныг дэлхийн орнуудад шударгаар хуваарилах зорилгоор байгуулагдсан КОВАКС хөтөлбөр өнөөдрийн байдлаар 90 сая тун вакцин 131 оронд нийлүүлээд байна.  КОВАКС 2021 оны эцэс гэхэд 2 тэрбум тун вакциныг гишүүн орнууддаа тараасан байх зорилт тавьсан юм.

Гэвч  коронавирусний эсрэг вакциныг хангалттай тоо, ширхгээр үйлдвэрлэж, шуурхай нийлүүлэх боломж хомс байгаа учраас КОВАКС хөтөлбөр  буурай орнуудад амласан хэмжээгээр вакцин нийлүүлж чадахгүй байна. КОВАКС хөтөлбөрт 80 буурай орон гишүүнээр элссэн. Дээрх хөгжил буурай орнуудын тэн хагас нь дархлаажуулалтын аянаа хэвийн үргэлжлүүлэх хангалттай вакцины нөөц байхгүй гэдгийн ДЭМБ-аас  мэдээллээ.  Энэ хооронд зарим чинээлэг орон ДЭМБ-ын КОВАКС хөтөлбөрт вакцин хандивлана гэдгээ илэрхийлж  байгаа юм.

Тухайлбал, даваа гарагт АНУ-ын Ерөниийлөгч Жозеф Байден 55 сая тун вакциныг улс орнуудад  хандивлана гэдгээ хэлжээ. Үүний 41 сая тунг КОВАКС хөтөлбөрт өгөхөө мэдэгджээ.  Ер нь эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч Их долоогийн орнууд энэ жил буурай орнуудад 1 тэрбум тун вакцин хандивлахаа амласан юм.  Гэсэн хэдий ч бодит байдал дээр вакцины нийлүүлэлт, хэрэглээ буурай болон чинээлэг орнуудын хооронд эрс ялгаатай хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Буурай орнуудын вакцины нөөц дуусч байна  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй