Шууд Chart

Монгол Улсын санаачилга НҮБ-ын ХХААБ-ын бага хурлаар дэмжигдлээ

2021-06-24 09:17:59

Энэ оны зургааугаар сарын 14-18-ны өдрүүдэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар бага хурал Ром хотноо болон цахим хэлбэрээр болж өндөрлөлөө.

Тус бага хурлаар Монгол Улсын санаачилсан 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах тухай НҮБ-ын ХХААБ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, зургаадугаар сарын 18-ны өдөр баталлаа.

Бага хурлаас гарсан 5/2021 тоот тогтоолын дагуу тус санаачилгыг дараагийн шатанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барихыг НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захиралд даалгав.

Энэхүү бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдөөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож, манай улсын санаачилгыг НҮБ-ын ХХААБ-ын шат дараалсан хурлуудаар хэлэлцэхэд дэмжлэг үзүүлж ирсэн, санаачилгыг дэмжиж буй НҮБ-ын ХХААБ-ын 194 гишүүн орон болон 200 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж, санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэхэд үргэлжлүүлэн дэмжихийг хүсэлт болгосон байна.


Монгол Улсын санаачилга НҮБ-ын ХХААБ-ын бага хурлаар дэмжигдлээ   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй